Цэргийн алба хаахаар уран бүтээлээ түр завсарлаад байсан BTS хамтлагийн гишүүд эргэн нэгдэж, Сөүлийн түүхэн төв хэсэг болох Гванхвамүн талбайд маргааш тоглолтоо хийх гэж байна. Нэг цагийн хугацаатай уг тоглолтыг талбайн гаднах нээлттэй дэлгэцээр 260 мянга орчим хүн үзэх боломжтой бол 22 мянган хүн тасалбар авч дотогш нэвтрэх болсон “азтанууд” гэгдэж байна. Энэхүү тоглолтоор BTS хамтлаг шинээр гарч буй “Arirang” цомгийнхоо дуунуудыг толилуулах бөгөөд олон улсын үзэгчид Netflix-ийн шууд дамжуулалтыг хүлээн авах боломжтой.
BTS хамтлаг эргэн уран бүтээлдээ орж байгаа нь зөвхөн нэг хамтлаг, уран бүтээлийн салбарын асуудал бус Солонгосын зөөлөн хүчний бодлогод томоохон нөлөөтэй гэдгийг BBC агентлаг онцолжээ. Түүнчлэн тус хамтлаг ирэх сараас Сингапур, Токиогоос эхлээд дэлхийн 30 гаруй хотоор 82 тоглолт хийх аяллаа эхлүүлэх гэж байгаа юм.

Маргааш болох тоглолтыг угтан Сөүл хотын төв хэсэг бүхэлдээ томоохон арга хэмжээний бүс болж, хотын захиргаанаас өндөр түвшний бэлтгэл хангаж байна. Тухайлбал, 7000 орчим цагдаа, тусгай хүчнийхэн ажиллаж, 31 хяналтын цэг, металл илрүүлэгч суурилуулж, ойролцоох гурван метроны буудал түр хаагдах юм байна. Мөн хотын гудамжнуудыг BTS-ийн бэлгэдэл ягаан өнгөөр гэрэлтүүлж эхэлжээ.
Тоглолтыг үзэхээр гадаад фэнүүд нь ч олноор ирж байгаа бөгөөд зочид буудлуудын үнэ өсөж, захиалга нь дүүрчээ. Мөн ойролцоох үйлчилгээний газрууд олон хэлээр үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хангаж байна гэв. Судалгаагаар BTS-ийн нэг тоглолт нь 800 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой аж.
