Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” бүтээлийг туурвисан, Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнд тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамны санаачилгаар байрлуулав.
“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлын эзэн А.Очирболдлын "Ухамсар" бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан юм.

А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлж байгаа юм.

Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногт 13,000-15,000 орчим хүн очиж амарч, спортоор хичээллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрлах томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг аж.
