НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэл хийлээ. Түүнийг өчигдөр болсон НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар албан тушаалаас нь огцруулсан юм. Тэрбээр тус хуралдааныг хууль бус болсон болон яагаад НИТХ-ыг хуралдуулахгүй гэж шийдвэрлэсэн талаараа мэдээлэл хийв.
Тэрбээр “Туулын хурдны замтай холбоотойгоор би хурал хийхгүй гэж шийдвэрлэсэн. Надад ямар шахалт ирсэн бэ гэвэл, “Туулын хурдны зам” төслийг НИТХ-аар хэлэлцүүлж, тогтоол гарга гэсэн. Ийм боломж байхгүй. Тэгвэл тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэсэн. Бас ийм боломж байхгүй. Учир нь, нийслэлийн иргэд Туулын хурдны зам төслөөс болж байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах уу, эс алдагдах уу. Туул голын терроризм болох уу, болохгүй юу гэдгийг иргэд мэдэхийг хүсэж байгаа. Дээр нь энэ төсөл мега төсөл юм уу эсвэл мега хулгай юу гэдгийг иргэд мэдэхийг хүсэж байгаа.
Энэ хүн иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг юм байна. Харин НИТХ-ын байгууллага бол иргэдийнхээ эсрэг биш иргэдийн талд зогсдог байгууллага байх ёстой гэж хэлсэн. Ийм учраас энэ тэмдэглэл дээр үүрэг болгосон шийдвэр болон хурлын тогтоолыг би гаргахгүй, хуралдааныг хуралдуулахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.
Экологиийн байдлыг үнэлсний дараа төслийг эхлүүл гээд Ерөнхий сайд, Засгийн газрын тогтоол гарчихаад байхад яаж НИТХ энэ төслийг явуул гэж болох уу, болохгүй шүү дээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
Хотын дарга Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг юм байна, бид харсан. Энэ хүн Монголын хаан болсон юм байна лээ. Энэ хүнийг Улаанбаатар хотоос чөлөөлж байж Улаанбаатарын хотын хөгжлийн түүчээ ирнэ. Энэ болтол иргэдтэйгээ хамтарч нэг талд гартал зүтгэнэ.
НИТХ-ын байгууллага бол иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө ажиллана. Иргэдийнхээ талд байгаа учраас би НИТХ-ыг хуралдуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Хурлын дарга уг хуралдааныг санаачлаагүй тохиолдолд хуралдаан болох эрх зүйн үндэслэл, орчин байхгүй. Тиймээс өчигдрийн НИТХ-ыг хүчингүй, хууль бус гэж байгаа юм" гэлээ.