UBLife Logo
Засгийн газар

Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа.

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.

1.Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.

2.Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум  төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.

3.Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.

4.Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.

Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулна.

1.Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.

2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.

3.Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.

4.Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.

5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.

Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгалаа.

“Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн эх байгалиа хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолоо бататгаж, түлш шатахуун, зардал мөнгөө хэмнэх эко шийдэл юм” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Тогтоолыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасах, цахилгаан тээврийн хэрэглээ болон дэд бүтэц эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах, улмаар Монгол Улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит ахиц гарна гэж үзэж байна.

Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.

Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 69 зуухнаас ажилд 39, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 10 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 34, бэлтгэлд 8 байгаа бөгөөд долоон турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн байна.

Товч мэдээ

-Гадаад, дотоодын олон хүчин зүйлсийн улмаас инфляцын дарамт нэмэгдэж байгаа энэ үед экспортын үйл ажиллагааг өндөр эрчимтэйгээр тасралтгүй хэрэгжүүлж, гадаад валютын орлогын тогтвортой урсгалыг хадгалах шаардлагатай байгаа тул экспортын орлогыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...