Хоёр хоногийн дараа болох Ялалтын баярын үеэр ОХУ-д нийслэл Москва хотын Улаан талбайгаас гадна хэд хэдэн хотод цэргийн парад болох юм. Баяртаа бэлтгэж байгаа ОХУ-аас тавдугаар сарын 8,9-нд гал зогсоох санал гаргаад байгаа билээ. Украины тал ч энэ сарын 6-наас гал зогсоохоо мэдэгдсэн.
Харин сөргөлдөгч талууд гал зогсоохоос өмнө пуужин, дроны дайралтаа хэт идэвхжүүлж, олон арван хүн амь насаа алдаад байна. Үүнээс үүдэн гал зогсоох болзол зөрчсөн гэж нэг нэгнээ буруутгаж эхлээд байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский “Бид Ялалтын баяраар яахаа 9-ний өдөр шийднэ. Украин улс яг л дайснуудтайгаа адилхан хөдөлнө. Тэд буудвал манай тал ч буудна. Гал зогсоох талаар бидний тодорхой саналыг ОХУ хүлээн авсан. Жижиг сажиг зүйлсийг ярилцах бол яаж холбогдохоо тэд мэдэж байх ёстой” гэж мэдэгдлээ.
Үүний хариуд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Ялалтын парадын үеэр халдвал бид Киев хотыг маш хүчтэй буудах болно. Тиймээс Киевт байгаа гадаадын ЭСЯ, олон улсын байгууллагын ажилтнууд хотоос гарахыг анхааруулж байна. Хотын иргэд ч хотоос гарах хэрэгтэй. Энэ анхааруулгыг дагахыг уриалж байна” гэж мэдэгдлээ. Гэхдээ ОХУ дайрах гэсэндээ биш тэд довтлох нь бараг тодорхой учир хариу барих болно гэсэн юм.
