Францын эрх баригчид ходоод гэдэсний халдварын шинж тэмдэг илэрсэн аяллын онгоцыг түр хугацаанд саатуулсан ч, дахин хэвийн үйл ажиллагаанд оруулах зөвшөөрөл олгожээ. Одоо хөлөг онгоц үргэлжлүүлэн аяллаа хийхээр болсон байна.
Бордо хотын боомтод хүрч ирсний дараа “Ambition” нэртэй аяллын хөлөг дээр байсан 1,700 гаруй зорчигч болон багийн гишүүдийг эрэг дээр буухыг түр хориглосон байна. Францын эрүүл мэндийн байгууллагууд хөлөг дээр тархсан өвчлөлийг шалгах хүртэл бүх хүнийг хөлөг дотор тусгаарлажээ.

Албаныхны мэдээлснээр, одоогоор ойролцоогоор 50 хүнд цочмог ходоод гэдэсний халдвартай төстэй шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээгээр энэ нь норовирусийн дэгдэлт болохыг баталсан байна. Норовирус нь маш хурдан халдварладаг бөгөөд бөөлжих, суулгах, халуурах, бие өвдөх зэрэг шинж тэмдэг үүсгэдэг вирус юм.
Ambassador Cruise Line компанийн мэдээлснээр, хоёр долоо хоногийн аяллын хөтөлбөртэй “Ambition” хөлөг тавдугаар сарын 8-нд Белфастаас хөдөлсөн байна. Дараа нь Ливерпул хотод нэмэлт зорчигч авсны дараахан буюу аяллын хоёр дахь өдрөөс эхлэн ходоод гэдэсний өвчний шинж тэмдэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэж эхэлжээ.
Өвчилсөн хүмүүсийг хөлгийн эмнэлгийн баг үзэж, өрөөнд нь тусгаарласан байна. Харин хөлөг Бордо хотод хүрмэгц Францын эрүүл мэндийн байгууллагад өвчлөлийн талаар албан ёсоор мэдэгдэж, эмч нарын баг хөлөг дээр очин дээж авч шинжилгээнд явуулжээ.

Францын эрүүл мэндийн байгууллага энэ тохиолдол нь Испанийн Canary Islands орчимд зогссон өөр нэг аяллын хөлгийн зорчигчдыг үхэлд хүргэсэн хантавирусийн дэгдэлттэй холбоогүй болохыг онцолжээ.
Хөлөг дээр зорчиж явсан 92 настай Их Британийн иргэн даваа гарагт нас барсан ч Францын албаныхан түүний үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байсан бөгөөд норовирусийн халдвартай холбоогүй гэж мэдэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, аяллын хөлөг нь олон хүнийг удаан хугацаанд битүү орчинд хамтад нь байлгадаг тул вирус хурдан тархах эрсдэл өндөр байдаг. Ялангуяа норовирус нь маш хурдан халдварладаг учраас нэг хүнээс нөгөөд амархан дамждаг байна.
Сүүлийн жилүүдэд аяллын хөлөг дээр норовирусийн томоохон дэгдэлтүүд хэд хэдэн удаа бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт нэг аяллын хөлөг дээр 115 хүн өвчилсөн бол гуравдугаар сард өөр нэг хөлөг дээр бараг 200 хүн халдвар авчээ.
Албаныхан шинж тэмдэг илэрсэн зорчигчдод тусгаарлалтын дэглэм үргэлжлэн мөрдөгдөнө гэж мэдэгдсэн бөгөөд “Ambition” хөлөг дараагийн зогсоол болох Испанийн Сантандер хот руу аяллаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: The New York Times
