UBLife Logo
Нийгэм

Б.Мөнхбат Нийслэлийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэнэ

Б.Мөнхбат Нийслэлийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Хотын даргыг томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Ерөнхий сайд Н.Учралын хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын албаны хүмүүс Нийслэлийн засаг захиргааны төв байранд өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5, 65.1.3 дахь заалтыг үндэслэн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулж байгаа юм. Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Мөнбат хэрэгжүүлж ажиллах юм байна.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Нэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан гэж зүгээр хэлээгүй. Манай улс бол нэгдмэл улс, муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг УИХ-тай, нэг Ерөнхий сайдтай улс.

Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг та бүхэнд танилцуулж байна. Х.Нямбаатар намайг байхгүйд тамгаа гардуулчихсан гэсэн.

Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хуулийн заалттай. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн засаг даргыг томилох хугацаанд Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн засаг даргын тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн үүргээ хуулийн дагуу хэвийн явуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болгосныг та бүхэн уламжилж, чиглэл болгож байна" хэмээн ярив.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...