UBLife Logo
Кино

Комиссар Каттани, Хон гиль Дон: Социализмын үеийн одод одоо хаана байна вэ?

Комиссар Каттани, Хон гиль Дон: Социализмын үеийн одод одоо хаана байна вэ?

Италийн жүжигчин, найруулагч Микеле Плачидо 80 нас хүрлээ. Тэрээр “Наймаалж” киноны Комиссар Каттани нэрээр алдаршиж, монголчууд тэр даяараа мафийн эсрэг түүний тэмцлийг шимтэн үзэж суулаа. Дөрөвдүгээр бүлэгт Каттани амиа алдахад бүгд нулимс дуслуулан уйлж байсан гэдэг. Монголд Плачидогоос гадна алдаршсан олон гадаад жүжигчин байсан. Тэд одоо хаана юу хийж байгаа бол?

Микеле Плачидо

Монголд “Наймаалж” киног 1986 оноос гаргаж эхэлсэн юм. Эхний ангиасаа л энэ кино үзэгчдийг байлдан дагуулж, шинэ анги гарах үеэр гудамж хүнгүй, хоосордог байлаа. Царайлаг залуу, шударга цагдаа гээд Каттанид дурласан бүсгүй ч олон. Плачидо “Наймаалж”-ийн дараа олон кинонд тоглосон. 1988 онд Марко Ризигийн “Мэри”, 1991 онд ЗХУ, Италийн хамтарсан “Афганистан” кинонд дүр бүтээж, 1990 онд Каннд анхны найруулсан бүтээл болох “Пуммаро” киногоо танилцуулж байв. 80 нас хүрсэн тэрээр одоо ч жүжигчин, найруулагч, зохиолчоор ажилласаар байна. 2021 оноос Феррара хотын театрын дарга болсон. Гурван удаа гэрлэсэн, таван хүүхэдтэй.

Адриано Челентано

Италийн бас нэгэн шүтээн нь тэр үед “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны Адриано Челентано байлаа. Мөн түүний дуулсан “Soli”, “Il tempo se ne va”, “Susanna” дуунууд ч алдартай байв. Адриано 1994 онд жүжигчний ажлаа орхиж, хөгжим, телевизэд анхаарлаа хандуулсан. Одоо 88 настай тэрээр Комо нуурын дэргэд хөдөө тосгонд амьдарч байна. Дэргэд нь түүний үзэсгэлэнт эхнэр, дуучин, жүжигчин Клаудия Мори байгаа.

Жимми Жимми буюу Митхун Чакраборти

Монголчуудын хамгийн гол энэтхэг шүтээн бол Жимми Жимми. “Танцор Диско” кино монголчуудыг байлдан дагуулж, залуучуудын аманд “Жимми, Жимми, ача, ача” гэдэг аялгуу шингэсэн байв. Энэ бол Митхун Чакраборти. Митхун замналынхаа турш 370 кинонд тоглосон гэж байгаа. Болливудын хамгийн том, хамгийн амжилттай жүжигчний нэг. 1995 онд “Filmfare” сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар “Дэлхийн хамгийн халуун эрэгтэй жүжигчин” цолоор шагнуулж байлаа. 1999 онд тэр үед 249 кинонд гол дүр бүтээсэн амжилтаар Гиннесийн номд бүртгүүлсэн. 1990-өөд оноос Митхун бизнес эрхэлж, хөгжмийн шоунд хөтлөгч, шүүгчээр ажилладаг болсон. Улс төрд орж, Энэтхэгийн парламентын гишүүнээр сонгогдож байсан. Дараа нь улс төрийн “Бхарати жаната парти” намд элсэж, 2024 онд Энэтхэгийн кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн, “Падма Бхушан” одонгоор шагнуулж байв. “Монарх” зочид буудлын сүлжээнээс гадна хөлбөмбөг, крикетийн багтай. Энэтхэгийн хамгийн баян хүмүүсийн нэг. 75 настай.

Гойко Митич

Гойко бол социалист лагерийн орнуудын гол индиан нь Чингачгук байлаа. Тэрээр маш олон индиантай кинонд тоглосон. 1983 онд Ардчилсан Германы “Газарчин” кинонд тоглохдоо зураг авалтаа Монголд хийж байсан түүхтэй. Гойко Митичийн хамтрагчаар жүжигчин Н.Батцэцэг тоглож, хамтарсан найруулагчаар Ж.Бунтар, оператораар Г.Маш нар ажиллажээ.Индианчуудын сэдэвт кино сонирхол татахаа больсны дараа Митич Германы телевиз, театрт ажиллаж, Спартак, Робин Гуд, Д'Артаньян нарын дүрийг бүтээж байв. Одоо Берлинд амьдарч байна. 85 настай.

Луселия Сантуш

“Боол бүсгүй Изаура” 1990 онд Монголд гарч байжээ. Энэ дүрээрээ Сантуш дэлхийн тайзанд гарч ирсэн түүхтэй. Одоо найруулагч, продюсерын ажил түлхүү хийж, баримтат кино хийх дуртай болсон. Олон нийтийн зүтгэлтэн. 69 настай. Буддын шашин шүтдэг.

Вероника Кастро

Хэрэв Луселия Сантуш монгол үзэгчдэд бразил цувралыг танилцуулсан бол Вероника Кастро Мексикийн драмыг үзүүлсэн. “Баян хүнийг балаг тойрохгүй” цуврал жинхэнэ хит болж, гудамж талбайг хоосолдог байсныг олон хүн дурсан ярьдаг. Хөдөө орон нутагт хажуу сум руу явж, зурагттай нэгнийдээ шахцалдан үздэг байлаа. 1994 онд Кастро “Зэрлэг сарнай” киногоор Монголд дахин ирсэн. Тэрээр Мексикт жүжигчнээс гадна дуучин хүн. 1992 онд Ерөнхийлөгч Борис Ельциний урилгаар Москвад ирж байв. 73 настай.

Ри Ён Хо

“Хон гиль Дон” хэмээх кино үзээд тулааны урлаг сурах гэж оролдоогүй эрэгтэй хүүхэд үгүй биз ээ. 1986 онд гарсан энэ киноны гол дүр нь Ри Ён Хо. Робин Гүд мэт ард түмний алдартай баатрын дүрээр тэр маш их алдаршсан. Ри 1963 онд Японы Кобе хотын Нада дүүрэгт төрсөн. Багадаа гэр бүлийн хамт Хойд Солонгос руу нүүж очсон. Анх инженер мэргэжлээр суралцаж байсан ч дараа нь жүжигчний шалгаруулалтад орж, Пёньяны кино урлагийн сургуульд элссэн. Дараа нь “Comrade Kim Goes Flying” зэрэг Хойд Солонгосын кинонуудад тоглосон байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...