Монгол Улсын хэмжээнд менежментийн хөгжил, удирдах ажилтны ур чадвар, манлайллын онцлогийг тодорхойлсон “Монгол менежерийн дүр төрх” судалгааг тавдугаар сарын 22-нд танилцуулах гэж байна.
Судалгаанд нийт 1000 гаруй монгол менежерийг хамруулж, 2020-2025 оны хооронд олон улсын CPI аргачлалаар үнэлжээ. Үүнээс менежерийн нийт 7 хэв маягийг тодорхойлж, бие хүний 19 онцлог шинж, 59 ур чадварыг гаргасан байна.
Судалгааны дүнгээс тоймловол монгол менежерүүд зорилго тодорхойлох, ажил үүрэг зохион байгуулах, багаа идэвхжүүлэхэд тодорхой давуу талтай. Мөн шинэ санаа сонирхох хандлага өндөр боловч бодит өөрчлөлт хэрэгжих явцад уламжлалт хэв маяг давамгайлж байна.
“Монгол менежерийн дүр төрх 2026” судалгааны үр дүнгийн нэгдсэн анализ нь монгол менежерүүдийн талаар 3 гол зөрчилдөөнийг илрүүлжээ. Тухайлбал, менежерүүд харилцаа сайн боловч хариуцлага сул, шийдвэр хурдан гаргадаг ч, систем сул, үнэ цэн ярьдаг боловч түүнийг хэрэгжүүлэх байдал нь сул тал болдог гэжээ. Үүнээс харвал монгол менежерийн дүр төрхөд хувь хүний ур чадвараас гадна байгууллагын соёл, систем зэрэг олон талын нөхцөл байдал нөлөөлдөг аж.

“Монгол менежерийн дүр төрх судалгаа”-г дэлгэрэнгүй танилцуулах арга хэмжээ тавдугаар сарын 22-нд “Туушин” зочид буудалд болно. Энэ үеэр судалгааны үр дүнг стратегийн түвшинд хүргэх, бодлого боловсруулагч, байгууллагын удирдлагуудад танилцуулахын зэрэгцээ хэлэлцүүлэг, туршлага солилцох ярилцлагууд болох юм.