Кэмбрижийн их сургуулийн Кингс коллежид Антропологийн чиглэлээр докторын зэрэг горилон суралцаж буй судлаач Э.Золжаргалыг “Women who dare” буландаа урилаа. Сүүлийн 10 жилийн турш монгол хүн, монгол соёл, сэтгэлгээний тухай тууштай судалгаа хийж буй түүнтэй нийгэм, соёлын антропологи, эрдэм шинжилгээний замнал, мэргэжилдээ дурласан хүсэл тэмүүлэл, жендэр ба нийгмийн хэвшмэл ойлголтын талаар ярилцсан юм. Түүний яриа уншигч танд шинэ өнцөг, шинэ асуултуудыг үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ ярилцлагыг бид өнгөрсөн өвөл, түүнийг Кэмбриж рүү буцахын өмнөхөн эхлүүлсэн. Харин үлдсэн асуултаа эргэж нягталж, ярилцлагаа хэдэнтээ баяжуулсаар зуны дунд сард ийнхүү уншигч танд хүргэж байна.
Гэрэл зургийг: О.Төгсбилэг
-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна аа. Ойрын хэдэн жил ийм жавар тачигнасан өвлийг мэдрээгүй юм байна. Одоо л хүйтэн санагдаад байгаа болохоос бага байхад Хөвсгөлд бүр ч хүйтэн байсан санагддаг юм. Сүүлийн хэдэн өдөр яг тэр хүүхэд насны хүйтэн өвлийг санагдуулаад дотно мэдрэмж төрж байна.
-Та багадаа Хөвсгөлд байсан хэрэг үү?
-Тийм ээ. Би Хөвсгөлийн Мөрөнд төрж, өссөн. Нэгдүгээр сургуульд сурч байгаад долоодугаар ангиасаа Улаанбаатарт шилжиж ирсэн. Хөвсгөлд өвөлдөө ямар хүйтэн билээ дээ, гэр, сургуулийн хооронд ёстой л нусаа хацартаа нааж явдаг байсан даа. Би ер нь багаасаа Шинэ жилийн баяр, цас гэхээр л их баярладаг хүүхэд байсан юм. Ойрын жилүүдэд бас Монголдоо ингэж тухтай өвөлжөөгүй болохоор цастай өвлийг гоё өнгөрүүлж, жаргалтай байна.
-Монголдоо байлгүй удсан шалтгаан нь юу билээ?
-Сүүлийн 10 жил ер нь байнга л тэнэж явсан байна. Тэнэх ч юу байхав, сураад л яваад байлаа. Би 2014 онд МУИС-ийг төгсөөд Герман руу явсан. Тэнд хоёр дахь бакалавраа хийж ирээд удалгүй Кэмбрижийн их сургуульд магистрт суралцахаар явсан. Одоо докторын гурав дахь жил гэхээр нийлээд 10 орчим жил гадаадаар нааш, цааш явжээ. Зундаа Монголдоо ирчихдэг, судалгааны төсөл дээр ч ажилладаг байсан боловч тухтай өвөлжөөгүй олон жил болж. Энэ удаа харин сүүлийн нэг жил гаруй Монголдоо тасралтгүй байлаа.
-Та антропологич болсон түүхээ хуваалцаач. Яагаад энэ мэргэжлийг сонгож байв?
-Анх Хүн судлал гэдэг нэр нь маш их сонирхол татсан. Би Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байх үедээ Философийн ангид орно, эсвэл кино найруулагчаар сурна гэж бодож байсан юм. Тэгээд санамсаргүй хүн судлал гэж сонсоод “Хөөх, энэ яг миний явах ёстой зам байна” гэж ёстой нөгөө анхны харцаар дурлана гэдэг шиг шуудхан бариад авсан.
Хэл шинжлэл, ёс заншил, зан үйл судлал гээд маш өргөн хүрээнд судалгаа хийх боломжтой, өөр газар, оронд очиж, өөр соёлд нэвтэрч судалгаа хийдэг гэхээр маш адал явдалтай санагдсан. Тухайн үедээ бол бүр Индиана Жонс ч юм уу киноноос харж байсан дүрүүд төсөөлөлд буугаад бүр ч романтик санагдаж байлаа. Би өөрөө түүхийн суурь мэдлэг сайтай, 47-р сургуулийн Түүх, нийгмийн багш маань намайг нийгэм судлалын чиглэлд сонирхолтойг анзаараад олимпиад, уралдаанд их бэлддэг байсан нь хүсэл, сонирхлоо зөв мэдэрч, мэргэжлээ сонгоход маш их нөлөөлсөнд талархаж явдаг.
Бага байхад аав, ээж, эгч бид дөрөв орой буйдан дээрээ хэвтээд их ярилцдаг байлаа. Тухайн үед цахилгаан цагийн хязгаарлалттай учраас оройдоо хийх юм байхгүй, лааны гэрэлд л ярина. Аав маань орон орны сонирхолтой үлгэрүүд их ярьж өгнө. Монгол үлгэрүүд, араб үлгэрүүд, 1001 шөнийн үлгэр гэдэг ч юм уу одоо ч ой тойнд үлдсэн дурсамжууд бий. Үүнээс гадна түүх, соёл, газар зүйн тухай их ярина. Ром хотын тухай, Истанбул хотын тухай гээд нэг бүрээр нь ярьж өгдөг байсан нь антропологийн чиглэлээр гүнзгийрч судлахад надад нөлөөлсөн байх гэж боддог. Одоо миний судалгааны сэдэв гэхэд Улаанбаатар хоттой холбоотой шүү дээ. Хотын антропологийн чиглэл юм.

-Антропологи гэхээр яг юун тухай юм бол гэж бодох хүмүүс бий. Тэгтэл дотроо бүр хотын антропологи гэхчлэн нарийн чиглэлүүд байдаг байх нь ээ. Та энэ тухай дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч.
-Антропологи нь дотроо дөрвөн тусгай чиглэлтэй. Хэл шинжлэл, биологи, физик ба нийгэм, соёлын антропологи гэж хуваагддаг. Нийгэм, соёл дотроо хотын антропологи орчхож байгаа юм. Бид хүн амын тал нь амьдарч байгаа энэ хотоо, түүний тогтсон соёл, дэд бүтцээ судалж харахгүй байж боломгүй. Тийм учраас хотын асуудал сонирхлыг минь их татаж байсан. Тэр дундаас Улаанчулуутын хогийн цэгийн асуудал онцгой анхаарал татаад тэр сэдвээрээ судалгаа хийж, дипломоо хамгаалж байсан.
Би нэг удаа сайн дурын байгууллагын хүмүүстэй хамт Улаанчулуут руу очиж байсан юм. Хувцас хунар хандивладаг хандивын үйл ажиллагаа байсан л даа. Бэлэг сэлт тараагаад л. Тэр үйл явдал миний амьдралыг харах өнцгийг орвонгоор нь эргүүлсэн өдөр байсан. Монголын амьдрал хэцүү гэдгийг мэднэ, хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээ харж, үздэг шүү дээ. Ялангуяа, антропологийн чиглэлээр сурч байсны хувьд ч тэр тухай маш их уншиж, мэдсэн байсан. Гэвч тэр бүхэн тийм ойрхон байна гэж би ерөөсөө төсөөлөөгүй. Бид энэ хотын төв гэж нэрлээд байгаа хэдэн өндөр барилгаасаа нэг их холгүй зайн дунд маш том хана, хэрэм үүсгэчихсэн байсныг анзаарсан. Нийгэм, эдийн засгийн хувьд ч тэр, амьдрах орчны талаас ч тэр. Тэр дундаа тэнд байгаа хүүхдүүдийг хараад миний зүрх эмтэрсэн. Тэрнээсээ болоод шөнө унтаж чадахгүй, гутралд ороод хогийн цэгт хүүхдүүд тийм нөхцөлд байхад бид яагаад юу ч болоогүй юм шиг ингэж яваад байгаа юм бол оо. Хүмүүс эсвэл над шиг бас мэддэггүй юм болов уу. Хэвлэл мэдээлэл ч энэ талаар түгээмэл ярьдаггүй, хааяа нэг гаднынхан ирэхээрээ хэцүү, бэрхийнх нь тухай баримтат кино хийчхээд явчихдаг. Бид өөрсдөө сайн анзаардаггүй.
Энэ мэтчилэн маш олон талаас нь эргэцүүлж бодоод үүнийг зүгээр баримтжуулж үлдээхээс гадна эхлээд бид яагаад ийм байдалд хүрчхэв гэдгийг ойлгомоор байсан. Тэр хүслээсээ үүдээд энэ асуудлыг заавал судлах ёстой юм байна гээд сэдвээ барьж авсан. Тэгээд мэдээж тухайн үеийн сэтгэл хөдлөлөөсөө гараад судалгааны ажил болгож, хээрийн судалгааны ажлаа Улаанчулуут дээр хийгээд хамгаалж байсан.
Судалгааныхаа ажилд би юунд анхаарлаа хандуулсан бэ гэхээр төр ба иргэн хоорондын харилцаа хэр зэрэг зайтай байна вэ гэдэг дээр голлон анхаарсан. Тэнд яагаад ийм нөхцөл байдал байна вэ, хүчин зүйлс нь юу юм бэ гэдгийг гаргаж ирэхийг оролдсон. Үүний тулд өөрөө оролцож ажиглан судлах буюу “participant observation” хийнэ. Ингээд өөрөө Улаанчулуутад амьдарч, хог түүж байгаа юм. Өглөө яадаг юм, орой юу болдог юм, ямар ямар нийгмийн бүлэг, гишүүд яаж оролцдог юм, ченжүүд хэдэн цагт ирж, хүмүүс хэдэн цагт ажилдаа гараад ямар хэмжээнд, ямар хог түүдэг юм гэхчлэн өдөр тутмын амьдрал нь яаж өнгөрдөг вэ гэдгийг нь тэмдэглэж авна.
Цаашлаад асуудлыг судалж энд нийгмийн халамжийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ ямар байдалтай байна вэ, төр энд байна уу, үгүй юу? Байхгүй бол энд хэн байна вэ гээд харахаар хандивын хүмүүс, шашны байгууллагууд л байгаа юм. Тэгэхээр төрийн ямар ч үйлчилгээ байхгүй хаягдсан хүмүүс л болж таарлаа. Өөрсдөө ч тэр бид төрдөө хаягдсан хүмүүс гэдэг юм билээ. Тухайн үедээ бакалаврын ажил байсан учраас нэг л сарын хугацаанд ажиглалт хийж судлаад энэ асуудлуудыг гаргаж ирэхийг зорьж байсан, зарим талаар бас учир дутагдалтай. Гэхдээ дараа нь нийтлэл болгоод дотооддоо болон олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн.
-Зөвхөн төрийн үйлчилгээ орхигдсон гэх дүгнэлтээс гадна танд хувь хүний хувьд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрж байсан бэ?
-Ер нь тэр хүмүүс нийгэм, төрийн үйлчилгээнээс хаягдсан гэх нөхцөл байдлаас гадна маш том ялгаварлал дунд амьдарч байна. Хүн ёсны эрхэм чанарыг нь үл хайхарч, “хог түүгч” зэрэг доромж үг, утгаар нэрлэж дууддаг. Одоо цагт англи хэлээр бол “waste keeper” гэж нэрлэх болсон.
Эндээс үүдээд хүний эрхэм чанар гэдгийг алга болгочихсон, хайхардаггүй нийгэм болчихсон юм байна гэдгийг анзаарч ойлгож байсан. Хүн хогийн цэг дээр ажиллаж болно, тэндээс амьжиргаагаа залгуулж болно. Гэвч бид нийгэм, эдийн засгийн гэхээс илүү нүдэнд үл үзэгдэх ямар том хана үүсгэж харилцдаг юм бэ, ялгаварлан гадуурхаж, доромжилдог юм бэ гэдгийг хараад үүнийг өөрчилмөөр санагдсан.
Яагаад гэхээр зүйрлэвэл бид оффистоо очоод ажилладаг шиг тэр хүмүүс ч өглөө бүр хогийн цэг рүү ажилдаа гараад явдаг. Орой гэртээ ирээд бидэнтэй л адил хүүхдүүдтэйгээ тоглоод л. Яг ижилхэн амьдралын хэмнэл, асуудалтай. Гэтэл оффист явдаг бид өөрсдийгөө үнэ цэнтэй гэж үзэх атлаа тэр хүмүүсийн эрхэм чанарыг үл тоож байна. Тэднийг архичин, алуурчин, нийгмийн хог шаар цугласан газар гэж төсөөлдөг. Гэрэл зурагчид, сэтгүүлчид ч тэр гадна, дотнын ялгаагүй сурвалжилга хийхдээ ямар өнгө аястай танилцуулдаг билээ. Нүүрээ харуулмааргүй байна гэхэд нь харуулчихдаг, эсвэл хүнд хэцүү амьдралтай байхад нь хэцүү байдлыг нь асуудлын суурь түвшинд сурвалжлахгүй зүгээр очиж дүрс аваад л энэ хүмүүс ийм, тийм архичин гээд л. Ингээд нийгэмд хэвшмэл ойлголт, мессеж өгөөд тогтчихсон.
Гэтэл гүн рүү нь орвол тэдэнд ямар асуудал тулгарч байна, бас яаж зарим нь амьдрал ахуйгаа өөд татааж явж байна гээд харвал маш олон өөр тал бий. Амьдралаа залгуулж, өөд нь татаад яваа маш олон хувь хүн, гэр бүлүүд тэнд бий. Гэмт хэрэгтэн гэвэл тэд хотын төвд ч бий шүү.
-Cante-д ч бий.
-Тийм. Нэмээд тэр хүмүүсийн дуу хоолойг өөрсдийнхөөр нь дамжуулах чухал. Олон нийт, хэвлэл мэдээлэл тэдний өмнөөс тайлбар хийгээд байдаг. Нэг бол хэтэрхий романтик харуулах гэдэг, үгүй бол шууд буруутгах гэхчлэн. Гэтэл тухайн хүний амьдралыг өөрөөр нь бодитоор тайлбарлуулах ёстой шүү дээ. Тэр хүчийг, тэр дуу хоолойг өөрт нь өгөх нь антропологийн хамгийн том үүрэг гэх үү, мөн чанар нь байгаад байгаа юм.
-Таны олж харсан тэдний бодит дуу хоолой нь юу байсан бэ. Тэд юу хүсэж байв?
-Тухайлбал, тэдэнд үгүйлэгдэж байгаа хамгийн гол зүйл нь бичиг баримтын асуудал байдаг юм билээ. Учир нь, бичиг баримтгүй бол төрийн үйлчилгээг хүртэхэд асуудалтай болчих нь. Яагаад ийм асуудал үүсэж байна вэ гэхээр шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Хөдөө орон нутгаас орж ирж байна гэдгийн цаана зудаас өгсүүлээд янз бүрийн асуудал бий. Энэ мэтчилэн цааш ухаад байвал олон хүчин зүйл, олон асуудал руу яваад орчихно л доо.
Хөдөө орон нутгаас ямар нэг шалтгаанаар өөр боломж хайж ирсэн байгаа. Монголчууд бол хамаатан саднаараа багтаж шингээд л явдаг элгэмсүү, халуун дулаан хүмүүс боловч бүх айл, бүх хүн тийм биш л дээ. Тийм болохоор орь ганцаараа эсвэл дөнгөж хоригдоод гарч ирсэн хүмүүс гэхчлэн бий.
Би судалгаа хийж байхдаа хөдөөнөөс орж ирсэн бүртгэлгүй эсвэл бүр огт бичиг баримтгүй хүмүүстэй ч таарсан. Ийшээ очсон уу, тийшээ очих уу гээд байж болох бүх л хувилбарыг хэлж үзэж байгаа юм. Гэвч янз бүрийн шалтгаанаар асуудал нь шийдэгдэхгүй, дээр нь Улаанчулуут дээр амьжиргаагаа залгуулаад, хажуугаар нь ийм асуудал хөөцөлдөөд явах тэр хүмүүст ч хэцүү. Хоолгүй хоночих гээд байна шүү дээ. Эндээс үүдээд халамж хүртэх боломжгүй, бас гурппээ ч тогтоолгож чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бий.
Нэмээд бичиг баримтгүй учраас сонгуульдаа оролцож чадахгүй. Тэгэхээр магадгүй энэ асуудлыг барьж авах нь шийдвэр гаргагчдад үр ашиггүй. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр хүмүүс халамж аваад хавтгайраад байна гэж ярьдаг. Гэтэл үнэхээр хэрэгцээтэй хүмүүс нь түүнийг аваад, гэдсээ илээд жаргаад хэвтээд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид нийгэмд тогтчихсон энэ мэт хэвшсэн ойлголтыг өөрсдөө хавтгайруулж ярилгүй, яг хэн рүү, яаж чиглүүлж, ямар тохиолдлыг яриад байна вэ гэдгээ баримттай хэлж, ярьж байх ёстой.
Эрдэм ном, эрх мэдэлтэй, юмны учир мэдэх хүмүүс хүртэл өөрсдөө хавтгайруулж, худал үнэн мэдэгдэхгүй ойлголтыг тараадаг, түгээгч болоод байгаа нь харамсалтай санагддаг.
-Улаанчулуутад хэдэн хүн ажиллаж, амьдарч байна вэ. Та оролцооны ажиглалт хийхийн тулд тэнд амьдрах, ажиллах хэрэгтэй болсон байх. Энэ алхам ямар байв?
-Бид ер нь юмыг ерөнхийлөхдөө их сайн. Улаанчулуут гэхээр л дандаа хогийн цэг, тэнд баахан овоохойд амьдардаг хүмүүс гэж боддог. Харин тэнд Улаанчулуутын хогийн цэг тойрсон маш олон амьжиргааны түвшин өөр хүмүүс, айлууд бий. Тэнд гэр орон бариад амьдардаг ч хүмүүс байгаа. Эсвэл хашаа хороотой, бүртгэлтэй амьдралтай бизнес хийдэг өрх, эсвэл тэндээс заавал мөнгө олдоггүй юм аа гэхэд мод, түлээ ч юм уу хэрэгтэй юмаа авчихдаг хүмүүс ч бий. Тэнд албан бусаар 5000 орчим хүн бий гэдэг бол өдөр бүр ирдэг байнгын ажилладаг 200 гаруй хүн байгаа. Тэдний хувьд энэ газар бол ажлын байр нь. Тэгээд нэг хамт олон, хүрээлэл үүссэн. Тэд бие биедээ тусална, хэрэгцээтэй үедээ хамтарч ажиллана гэхчлэн систем үүсчихсэн. Хогийн машин хэдэн цагт ирэх, ченжүүд хэдийд ирэх, хэн, юугаа түүх гээд л. Барилгын материалын хөөсөнцөр, авто бэлдэц гэхчлэн. Дүрэм журам бас бий шүү.
Миний хувьд мэдээж итгэлээ олтлоо хугацаа зарцуулсан. Сүүлдээ харин найз нөхөд болоод. Хамгийн анх таарсан хүмүүс маань надад ээлтэй байсан ч гэх юм уу. Нэг ахтай танилцсан маань их ажилсаг, Улаанчулуутын хүмүүс дундаа нэр хүндтэй хүн байж таарсан. Бид хоёр ойр нөхөрлөөд, ахын хамтрагч гээд бас нэг залуутай танилцлаа. Улмаар тэдний гэр бүлтэй танилцаж, нөхөрлөөд тэднийд байрлах болсон. Ингэж л тэдний гэр бүл, хамт олны нэг хэсэг болж амьдарсан.
Төв талбай бол ард түмний зүрх нь гэж би хэлнэ
-Үүний дараа судалгаагаа үргэлжлүүлсэн үү?
-Би магистрын ажлаа цагаан идээний судалгаагаар хийж олон жил явсан.
Гэхдээ Улаанчулуутын ажил маань толгойд яваад л байсан. Тэнд амьжиргаагаа залгуулдаг нэг тийм төв үүсчихсэн юм шиг санагдаад. Энэ утгаараа Улаанчулуут ч гэсэн хотын нэг төв. Бид төв гэж ер нь их ярьдаг. Эдийн засгийн төв, хотын төв.
Цаашлаад хотын төв цэг гэж яг юу юм бэ, бидний улс төрийн, соёлын, оюун санааны төв цэг гэж монголчуудын хувьд юу юм бэ, тэрийг судалмаар санагдсан юм. Тэгээд явсан чинь яалт ч үгүй Сүхбаатарын талбай орж ирээд. Ер нь Улаанчулуутаас Сүхбаатарын талбай гэх энэ хооронд амьдрал хэрхэн өрнөдөг юм бэ гэдэг сонирхолтой санагдсан. Үүнийгээ бодож явсаар байгаад 10-аад жилийн дараа докторын ажил дээрээ эхлүүлсэн дээ.
-Судалгааны ажил эхлүүхэд юун түрүүнд нэг таамаглал дэвшүүлдэг шүү дээ. Та 10 жил бодоод юу төсөөлж, таамагласан байсан бэ?
-Монголчууд бид гал голомт гэж ярьдаг шүү дээ. Тэр нь тулга. Монгол гэрийнхээ гал голомт, зуух, тулга түүндээ үнэ цэн өгч хүндэтгэдэг. Тэгвэл хот гэдэг том гэрээс гараад хот хүрээний асуудал дээр гал голомт гэдэг зүйлийг зайлшгүй ярих ёстой юм шиг. Энэ нь талбай ч юм уу. Ингээд хотын судалгаа руугаа эргээд орсон. Антропологийн үүднээс судална гэвэл монгол соёл, сэтгэхүй, зан заншилтай холбоотой ойлголтуудыг тайлбарлах учиртай. Тэгэхээр энэ гал голомт болсон, ялангуяа улс төрийн төв цэг болсон газрыг ямар байдлаар судлах вэ гээд бодож байсан юм. Тэгсэн шууд л толгойд жагсаал орж ирсэн.
Таамаглалаа гаргахдаа хүмүүсийн нийгмийн сүлжээ буюу Фейсбүүкийг тандаж ажиглалаа. Хүмүүсийн бичиж байгаа сэтгэгдэл, лайв нь юм л бол талбай руу гаръя л гэнэ. Бас өмнөх цагаан идээний судалгааныхаа үеэр хөдөөгүүр явж байхад айлуудаар орж, элдвийг ярина шүү дээ. Эмээ, өвөө нар улс төр, улс орны амьдрал ярина. Тэгэхдээ болдог сон бол талбай дээр очоод тэмцэх сэн гээд янз бүрийн юм ярьж бухимдлаа хуваалцана. Эндээс л нэг ерөнхий мэдрэмж авсан.
Цаашлаад талбай руу гарах уу гээд дуу ч хүртэл бий. Энэ бүхэн надад их сонирхолтой санагдсан. Мэдээж хүн бүр дуу, лайвны зоргоор талбай гардаггүй ч хүн бүрд нэг тийм мэдрэмж байдаг юм байна. Асуудал гарвал очоод хамаг юмаа гаргачих, стрессээ тайлах ч юм уу тэр газар нь талбай. Нөгөөтээгүүр хүн бүрийн найдвар, ямар нэг зүйл болохоо байвал очдог газар болчихсон санагдаад. Тэгээд Сүхбаатарын талбай бол жагсаал, цуглаан, улс төрийн тэмцэл зэрэгтэй холбовол бидний амьдрал ямархуу байгааг харуулах боломжтой санагдсан.
Кэмбрижид очоод магистрын ажлаа өөр сэдвээр сонгосон байсан ч, тухайн үед докторын хөтөлбөрт материалаа өгөх болоод бодож бодож байгаад талбай л юм байна гээд сонгож байсан. Сонирхолтой нь, судалгааны төслөө бичээд багш нар луугаа явуулаад шалгуулж байтал Монголд яг Нүүрсний жагсаал гарч таарсан. Сэдэвтээ орчихсон байсан тул Кэмбрижээс өдөр шөнөгүй л жагсаалын лайв үзээд… Тэгээд ер нь халуун дээр нь магистрын ажлаа ч бас жагсаалаар хийх ёстой юм байна, нүүрсний жагсаалаар хийх юм байна гээд шууд Монгол руу судалгааны ажилдаа ирсэн. Ирээд бараг буунгуутаа чемоданаа шидчихээд л талбай руу гарсан даа. 2022 оны тэр өвөл бүтэн нэг сар -40 хэмд талбай дээр зогссон.
-Тэгээд судалгааны ажлаараа ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Магистрын ажил учраас эхлээд нэг л асуудал барьж авах ёстой байсан. Тэр нь Fashion and resistance: dressing and undressing гэсэн өнцөг. Хүмүүс сонсоод жоохон цочирдоод гайхаад байдаг. Монголоор бол Хувцас ба эсэргүүцэл, нүцгэлэлт юм л даа. Нүүрсний жагсаалын үеэр маш олон хүн нүцгэлсэн. Зарим зураг нь цахим орчинд нэлээд түгснийг санаж байгаа байх.
Бусад улс төрийн тэмцлүүд, хөдөлгөөнтэй харьцуулахад монголчуудын онцлог нь юу юм бэ гэдгийг энэ бас харуулж байгаа юм. Эхлээд дуугарч үзээд, хэл ам хийгээд, тэгээд болохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэхээр өлсгөлөн зарладаг түүх бол бий. Харин хүйтэн өвөл бол нүцгэлдэг бараг соёл маягийн юм тогтчихсон. Цаг уураасаа шалтгаалаад тэмцлийн хурц хэлбэр нь ч өөр гэдэг эндээс харагдана. Нүүрсний жагсаалын үеэр бол тус тусдаа нэг хоёроороо эсвэл бүр хорин хэдээрээ зэрэг нүцгэлж байсан олон тохиолдол байдаг.
Энэ надад судлаачийн хувьд маш сонирхолтой санагдсан. Яагаад гэхээр хүн өөрийнхөө биеийг золиос болгоод, хүний бие улс төрийн нэг тийм тавцан болж байна шүү дээ. Энэ биеэ, бие махбодоо ашиглаад намайг сонс, гарч ир, ордноос гарч ир, үгүй бол би ингээд хөлдөж үхлээ гээд. Энэ бол маш хүчтэй тунхаглал, эсэргүүцэл, шахалт дарамт үзүүлж байгаа хэлбэр.
Өөр орнуудтай харьцуулбал performance art-д буюу галерейд ийм нүцгэлэх үзэгдэл бий. Харин олон нийтийн төв талбай дээр жагсаалын үеэр харна гэхээр ямар байх вэ. Тэгэхээр хаана, хэзээ гэдгээсээ шалтгаалаад төдийгүй хувцаслалт, улс төрийн хэл, эсэргүүцэл, тэмцэл гээд ойлголтуудтай холбоод тайлбарлахад их онцлогтой.
-Хүмүүс талбайн жагсаалыг сүүлийн үед төлбөртэй, зорилготой гээд янз бүрээр л хардах болсон.
-Хүмүүс тэгдэг л дээ. Гэхдээ би мөрдөгч биш антропологич шүү дээ. Түүнийг олж тогтоох нь миний зорилго биш. Би тэр үйл явцыг л нийгэм, соёлын асуудлуудтай холбож авч үзэж байгаа болохоос биш шүүгч биш шүү дээ. Очоод чи үнэнээсээ нүцгэлсэн үү, хэдийг авсан бэ гэж асуухгүй нь ойлгомжтой. Үйл явдлыг байгаагаар нь дамжуулж, баримтжуулж, түүнийг үзэгдэл талаас нь олон өнцгөөс харж тайлбарлах нь миний ажил юм. Түүнээс биш нэг талын дүгнэлт гаргахаас аль болох зайлсхийнэ.
-Докторын ажилдаа судалгаагаа хэрхэн өргөжүүлэв. Олон жагсаалд оролцож, хүмүүсийн хэлдгээр “мэргэжлийн жагсагч” болсон уу?
-Ер нь талбайн тухай нэг бүтэн хэмжээний судалгааны бүтээл зориулах ёстой юм шиг мэдрэмж төрөөд байсан юм. Мэдээж өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээл, ном зохиол, нийтлэлд янз бүрээр л орж ирдэг. Гэхдээ энэ газрын тухай антропологийн талаас нэг бүтээл байх ёстой санагдаад.
Судлаачийн хувьд мэдээж судалгааныхаа талбар дээр оролцож ажиглалт хийх ёстой. Эхний жилдээ судалгааны ач холбогдлоо тодорхойлно, ёс зүйн дүрэмд нийцэж байна уу, судлаачийн аюулгүй байдал хэр байна гэхчлэн олон талаас үнэлж, судална. Онолын хувьд ямар чиг баримжаатай явах вэ, ямар хүмүүстэй хэрхэн судалгаа хийх вэ гэхчлэн олон бичвэр бэлтгэнэ. Харин багш нар маань яаж нэг жилд амжих юм бэ, тэр хугацаанд жагсаал болохгүй бол яах юм бэ гэж асууж байсан. Миний хувьд тийм байсан ч сонирхолтой шүү дээ. Жагсаал болохгүй ч өчнөөн юм болж байдаг юм аа гээд л.
Тэгтэл 2024 оны 10 дугаар сард ирснээс маань хойшхи нэг жилд төрөл бүрийн жагсаал боллоо, бараг ямар нэг жагсаалд оролцоогүй хүн байгаа юм уу гэмээр. Жилийн өмнө бол бүр түүхэн гэхээр ч жагсаал болсон. Үүнийг судлаачийн хувьд азтай гэж хэлэх ч хаашаа юм, гэхдээ надад нэг таамаглал байсан маань зөв байж дээ гэж бодсон. Тийм болохоор зөв сэдэв сонгож авсан байна.
Дээрээс нь монголчуудын хувьд зөвхөн жагсаал гэлтгүйгээр оюун санааны хувьд мэдрэмж хөөргөсөн маш том үйл явдлууд болж, бөөндөө талбай дээрээ цуглаж тэмдэглэсэн шүү дээ. Төв талбай дээрээ том дэлгэц тавьж хэвтэж байгаад Counter Strike үздэг тийм үндэстэн байдаг ч юм уу. Надад тэр шөнө Чингисийн хөшөө, Сүхбаатарын хөшөө, наана нь дэлгэцэнд компьютер тоглоом гараад л ёстой зүүд шиг санагдаж байсан. Тийм юм болно гэж би ерөөсөө бодож байгаагүй.
Бүтэн жил ингээд бүх үйл явдлыг бичиж, тэмдэглэж, зураг, видеогоор үлдээхийг хүссэн. Эндээс харахаар талбайгаа тойроод бид ямар донсолгоотой, савалгаатай амьдардаг юм бэ гэж бодсон шүү.
-Талбай дээр нэг өдөр жагсаал, нөгөө өдөр баяр гээд л олон ч үйл явдал болдог шүү дээ. Бүтэн жил энэ бүхэнд оролцсон гэхээр таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Тийм ээ. Нэг бол жагсаал, цуглаан болоод хэрүүл, тэмцэл гээд л гутарна. Баахан хүмүүсийн гомдол сонсоно, тэгээд тэр хүмүүстэй ярилцаад байж байтал удалгүй бөөнөөрөө баярлаад л гараад ирнэ. Судлаачийн хувьд өөрийгөө ажиглахаар миний сэтгэл зүй маш их дээш, доош хэлбэлзсэн галзуу хүн шиг л болно шүү дээ.
Талбай дээр удаан хугацаанд суулт хийж байгаа хэсэг хүмүүс байдаг. Тэдний зовлон, жаргалыг хань болоод сонсоод сууна. Тусалж чадахгүйдээ хямарна. Заримдаа шөнө уйлна. Тэгж байтал зарим жагсаалаар чи хөлснийх, төлбөртэй гээд л чи, би-дээ тулаад талцаж, хуваагдана. Тэр хэрүүлийг бас ажиглана. Амьдралынхаа өдөр тутамд ийм зүйлтэй тулгарахаар багтааж, шингээхэд хэцүү, ачаалалтай. Энэ утгаараа миний сэтгэл зүйг хамгийн их савлуулсан жил байлаа. Оюун ухааны хувьд ч тэр маш их мэдээлэл, хүч энерги зарцуулсан.
Би чинь бүр талбайн яг хажууд байр түрээслээд амьдарч байгаа. Талбайтай ойр байхгүй бол түгжирч явахад янз бүрийн юм болчихвол хайран шүү дээ. Ингээд бодохоор би монголчуудынхаа зүрх сэтгэлтэй их ойрхон нэг жил амьдарчээ гэж бодоод байгаа юм. Дээр таны асуусанчлан тэнд худал, үнэн хамаагүй юм шиг. Яагаад гэхээр тэнд асар их, янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа юм. Хүмүүс уур бухимдлаа тайлах гэж, эсвэл баяр хөөрөө хуваалцах гэж ирнэ. Бүгдээрээ хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, сэтгэл зүрх яваад байна шүү дээ. Энэ утгаараа төв талбай бол ард түмний зүрх нь гэж би хэлнэ.
Ухаантай харагдаж, тогтсон хэвэнд багтахын тулд өөрийгөө энд, тэндээс нь тайрч, огтолж, жижгэрч, өнгө зүсээ бүдгэрүүлэх шаардлага байхгүй

-Та энэ судалгааг Кэмбрижид хийх хүртэл хол зам туулжээ. Монгол судлаач хүний хувьд, дээр нь антропологийн салбарын хүний хувьд энэ зам ямар санагдаж байна?
-Би бакалаврт бараг 10 жил сурсан. Монголдоо сурчхаад Германд магистрт сурмаар байсан ч, зарим мэргэжлийн чиглэл дээр цөөн хэдэн орны бакалаврын сургалтыг хүлээн зөвшөөрдөггүй тул дахиад бакалаврт сурах болсон. Хэдий шударга бус санагдаж байсан ч, сонгосон, дуртай зүйл минь учраас сурсан л даа. Гэхдээ энэ зам дэндүү урт байгаа юм шүү. Англид ирэхэд магистр, докторын анги дамжаад би бараг л хамгийн хөгшин нь болчих шахаж байгаа. Бусад улсын оюутнууд бакалавраа төгсөөд, нэг жил магистрт сураад л шууд докторт ороод ирчихсэн 20 гаруй насны залуус байгаа юм. Тэднийг хараад ямар гоё юм бэ, над шиг, монголчууд шиг урт зам туулах шаардлагагүй гээд атаархал төрдөг юм.
Энэ утгаараа манай боловсролын тогтолцооны гажуудал гэх үү, нэг зүйлийн хохирогч нь бид гэж боддог. Улсдаа гомдох нь хаашаа юм, гэхдээ үүнийг засах, өөрчлөх ёстой. Дээрээс нь том гүрнүүдийн бидэн рүү дээрээс өнгийж харж байгаа нь их муухай. Гэхдээ тал, талд л гомдоллоод байлгүй удаан ч гэсэн туулна шүү дээ. Ямартай ч, миний гэлтгүй ер нь академик замаар явж байгаа судлаачийн зам бол их урт байдаг юм байна. Бас тууштай, тэвчээртэй байхгүй бол хэцүү. Ганцаардмал урт зам шүү дээ. Ер нь их ном уншина, судалгаа хийнэ гэхээс илүүтэйгээр сэтгэл зүй болон судалгааны хатуужил суух, судлаач хүний амьдралын хэв маягийг тэвчих, давах зориг, зүрх өөртөө суулгах гэж л зүдэрч явна даа.
-Энэ урт замд эмэгтэй хүний хувьд бас онцлог давуу, сул талууд тулгардаг болов уу?
-Ер нь антропологийн гэлтгүй академик салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувьд маш их зүйлийг батлах ёстой юм шиг болдог. Бакалавраа хийж байх үед нэг хүний ярьж байсан зүйл санаанд их тод үлдчихсэн. “Эмэгтэй судлаачид антропологид жоохон гайгүй болоод, дээшээ гараад ирэхээрээ феминизм л ярих юм” гэж байсан.
Надад хандаж энэ үгийг хэлээгүй боловч Монголд антропологийн салбарт хуруу дарам тооны л эмэгтэйчүүд судалгаа хийдэг. Дээрх хэлсэн үгээс эмэгтэйчүүдийн ярьдаг сэдэв нь л тэр, феминизмээ л ярьдаг юм гэж басамжилсан, өрөвдсөн өнгө аяс мэдрэгдсэн. Мөн судлаачид өөр зөндөө л сэдвээр бичиж, туурвиж байгаа атал тэдгээрийг нь үл ойшоож, уншсан ч уншаагүй, мэдсэн ч мэдээгүй царайлж, амны зугаа болгож байгаа нь бүдүүлэг санагдсан.
Хөгжилтэй ч гэх үү, тэр үед би Монгол кинон дахь феминизм, социализмын тухай бичиж байсан юм. Тухайн үед надад хэлэх үг байгаагүй боловч, хэзээ нэгэн цагт үүнийг олон нийтэд ярихыг хүсэж байсан нь өнөөдөр бололтой. Дээрх тохиолдолд биднийг яаж хардаг вэ гэдгээс гадна бидний дуу хоолой ер нь сонсогддоггүй юм байна. Эмэгтэйчүүд тулгарч байгаа асуудлаа ярихын тулд заавал өндөрт очих ёстой юм байна. Хэн нэг эмэгтэй гудамжинд явж байгаад асуудлаа ярихаар, эсвэл Улаанчулуутын таван хүүхэдтэй эх ярихаар сонсогддоггүй юм байна. Тэгээд гайгүй өндөр боловсролтой болоод, амжилттай яваа эмэгтэй феминизм ярихаар “Өө, эд нар л… феминизм л ярьдаг юм” гэж нэг юм сонсож байгаа боловч сонсонгоо шүүмжлээд байна шүү дээ.
Энэ асуудал зөвхөн Монголд төдийгүй Кэмбрижид ч бий. 800 гаруй жилийн түүхтэй сургууль боловч 1920-иод оноос л эмэгтэйчүүд суралцах эрхтэй болсон. Нийт 30 орчим коллеж байдгаас миний сурч байгаа Kings College хамгийн баялаг түүхтэй, жуулчид хамгийн их ирдэг газар. Гэхдээ тэд эмэгтэйчүүд элсүүлдэг болсны 50 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн. Одоо жендэрийн асуудалд анхаарлаа хандуулж, их өөрчлөлт хийж байгаа.
-Нийгмийн ухааны салбар ярвигтай. Соёл, нийгмийн асуудлуудыг тайлбарлахад монгол хүн өөрөө монголынхоо тухай бичиж үлдээх нь чухал байдаг. Та үүний ач холбогдлыг юу гэж хардаг вэ?
-Нэг жишээ татахад Сүхбаатарын талбайн тухай судалж байхдаа бас нэг судлаачтай танилцсан юм. Тэр хүн миний судалгааг жаахан гайхаад, бүх л талбай дээр жагсаал болдог биз дээ, Сүхбаатарын талбай юугаараа онцлог, өөр юм бэ гэсэн юм.
Надад тэр маш хачирхалтай санагдаж билээ. Мэдээж бүх оронд, хотод талбай, өргөн чөлөө бий, тэнд янз бүрийн хэлбэр, зохион байгуулалтаар жагсаал, цуглаан болоод ижил, төстэй зүйлс бий л дээ. Гэхдээ бүх газарт бий гээд Монголынхоо талбайн түүхийг бичихгүй байх гэж үү. Дайн дажингүй, ялгарах зүйлгүй байлаа гээд бид өөрийнхөө түүхийг бичиж үлдээх ёсгүй юм уу гэж бодсон.
Тэнд юу ч болохгүй, таван хүн байсан ч хамаагүй шүү дээ. Бид өөрийнхөө түүхэнд тийм хайхрамжгүй хандаж болохгүй. Олон хүн цугласан болохоор, экстрим болохоор гэх хүчтэй, онцгой шалтгаан гаргаж байж түүхээ бичнэ гэж байж боломгүй. Нүдний өмнүүр өнгөрч байгаа энэ амьдралыг бид өөрсдөө барьж авч, түүхээ хадгалж үлдэх нь антропологийн наад захын үүрэг юм. Янз бүрийн илүү, дутуу, том анализ хийгээд, тулгаад байхаас өмнө архивлан үлдээнэ гэдэг маш их ач холбогдолтой.
Үүнээс гадна таны асуусанчлан үүнийг хэн бичиж байгаа вэ гэдэг тун чухал. Би үүнийг Кэмбрижид очоод маш тод ойлгосон. Нэг судалгаандаа түүхэн дүрийн тухай бичиж байгаад монгол судлалын их том эрдэмтний бүтээлээс эшлэл зүүлт авсан юм. Тэгсэн удирдагч багш маань уншаад “Чи яагаад заавал ийм настай, барууны судлаачийн үгээр үг хийгээд байгаа юм. Энэ чинь чиний түүх шүү дээ. Өөрөө өөрийнхөө улс орны түүхийг, ийм хэмжээний юмыг чи өөрөө тайлбарлах итгэл байхгүй юм уу” гэж хэлэхэд нь өөрийнхөө дуу хоолойд маш их итгэл олж авсан. Нээрэн би чинь бас судлаач болж яваа, нас, туршлагын хувьд мэдээж харьцуулшгүй л дээ. Гэхдээ багш маань биднийг тэр талаас харьцуулж авч үзээгүй. Харин ижил сэдвээр бичиж байгаа судлаачийн хувьд дуу хоолой нь эн тэнцүү байх ёстой гэдгийг багшийн ганцхан асуулт ойлгуулсан.
Бид чинь гаднын судлаач гэхээр сүрдээд л. Яг л энэ хүний үг л 100 хувь үнэн гээд бат суучихсан байж. Уг нь бичиж байгаа зүйл ялгаагүй, гэхдээ тэр хүний нэр орж байж л үнэ цэнтэй судалгаа болох юм шиг бодоод. Түүнээс хойш би өөрийнхөө дуу хоолойд итгэлтэй байх ёстой юм байна, ингэж хандах ёстой юм байна гэж ойлгосон.

-Сонирхоод асуухад таны гадаад төрх, хувцаслалт их анхаарал татдаг. Ягаан үстэй, өвөрмөц хэв загвараар хувцасладаг гээд л.
-Би хувцас, загвар, гадаад байдалд чухал ач холбогдол өгдөг. Энэ бол хувь хүний сонголт, санамсаргүй углаад гардаг төдий зүйл биш. Цаашлаад нийгэм, соёл, улс төрийн өндөр ач холбогдолтой утга агуулга илэрхийлдэг хэрэгсэл. Нэг найз минь миний хувцаслалтыг үг хэлэхгүй, чимээгүй байхдаа ч хашхирч байгаа юм шиг гэсэн нь голыг нь олж хэлсэн санагддаг. Өөрийгөө л сайхан харагдуулах гэхээс илүүтэй үүгээр дамжуулж би ямар түүхийг, хэрхэн өгүүлэх вэ гэдгийг бодолцож явдаг. Тийм болохоор хүмүүс миний өмссөн зүйлсийг гоё байна гэх төдийд нь л хаанаас авсан, хэн өгсөн гээд түүхүүдийг нь ярьж залхаадаг юм. (инээв)
Хувцас загварт татагдсан түүх маань багаас эхтэй. Хөвсгөлд хөгшин аавынхаа ажилладаг байсан үйлдвэрээс үлдэж хоцорсон цаасан дээр янз бүрийн хувцас, даашинзны загвар бодож, зурж суудаг байсан юм. Харин томроод энэ сонирхлоо гээсэн ч аав, ээжийн залуудаа өмсөж байсан хувцаснуудад дурлаж, өсвөр наснаасаа өмсөж эхэлсэн. Тухайн үед зөвхөн өнгө, загвар, хэлбэр, материал нь анхаарал татаж байсан ч удах тусам хуучин хувцасны үнэ цэн, хэрэглээ, үүнтэй хамт дагалдаж ирэх тухайн цаг үе, нийгмийн түүхүүд илүү сонирхолтой санагдах болсон. Ингээд хувцасыг “судалгаатай” өмсөж эхэлсэн дээ.
Дараа нь Берлинд сурч байхдаа аав, ээжийн социалист үеийн хуучин хувцаснуудыг найзынхаа брэндийн футурист хувцаснуудтай нийлүүлж загварын туршилт хийж байсан бол цагаан идээний талаарх судалгааныхаа үеэр цагаан идээний микроскопын зургийг ашиглан хийсэн коллекц гаргаж, Монголд болон хэд хэдэн улсад загвар төдийгүй шинжлэх ухааны тайзан дээр толилуулж байсан. Энэ бүхэн маань явсаар хувцас ба улс төрийн эсэргүүцэл гэсэн сэдэв рүү хүртэл оруулсан байх.
Би Кэмбрижид судалгааны ажилдаа хэчнээн дарагдлаа ч хааяа хувцасны шүүгээгээ дэлгээд жижиг туршилтуудаа хийдэг. Байнгын бичгийн ажилтай хүнд толгой амрааж, сэтгэл сэргээх шиг болдог. Гэртээ ажиллаж байвал хэсэг сууж байгаад уйдаж, ядрахаараа хувцаснуудаа янз бүрээр хольж сольж, түр амралт авна. Тэглээ ч ном уншлаа гээд навсайж явах ёстой гэсэн үг биш. Хатуу чанд, тууштай байх ёстой академик салбарт ажиллаа гээд өөрийнхөө өөр нэг талыг дарж, нуулгүй байгаагаар нь хадгалж явахыг хүссэн.
-Судлаач эмэгтэй хүнийг харах тогтсон ойлголт, төсөөллийг сөрж явах гэхдээ амаргүй байх.
-Академик салбарт ухаантай харагдах, нухацтай байх гэхээр ерөнхийдөө нас тогтсон, буурал үстэй эрчүүдийн дүрээр төсөөлдөг нь бид хэнийг сонсож, хэнийг үл тоодог вэ гэдгийг шууд илтгэж буй. Надад ухаантай харагдаж, тэр тогтсон хэвэнд багтахын тулд өөрийгөө энд, тэндээс нь тайрч, огтолж, жижгэрч, өнгө зүсээ бүдгэрүүлэх шаардлага байхгүй.
Эмэгтэй хүн сайхан хувцаслаж, өөрийнхөө байхаар тал бүрээр “хардах” нь бишгүй. Үүнээс болоод олон эмэгтэй бас хүссэн зүйлсээ гаргаж илэрхийлж чадахгүй “даруухан байх зам”-ыг сонгодог мэт. Цаашлаад хүйстэй холбоотой хүлцэн тэвчишгүй “тоглоом, наргиа” буюу үнэндээ доромжлол, тохуурхлыг эмэгтэйчүүд гэр бүл, найзууд, олон нийтийн хүрээнд байнга сонсдог ч “уур амьсгал эвдэхгүй” гээд хэлээ хазаад өнгөрөх тохиолдол олон. Саяхан олон улсын нэгэн хурлын үеэр эрэгтэй хүмүүс байж боломгүй байдлаар надтай харилцсан юм. Тэр үед найрлаж байгаа хүмүүсийн өөдөөс би “уур амьсгал эвдэн” өөрийгөө хамгаалж, хурц ширүүн үг хэлэхээс аргагүйд хүрсэн. Тэнд хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй бүгдээс нь нэмэлт хүч хүлээсэн боловч нэг их тоосонгүй.
Ганцаардаж, бухимдсан байсан ч хүмүүс яагаад тийм үед чимээгүй өнгөрдгийг бас ойлгож байна. Учир нь, үүнд эрх мэдэл, нас, хүйс, хүчний ялгаа гээд олон асуудал нөлөөлнө. Үүнийг өнөө цагийн нэрт философич, феминист зохиолч Сара Ахмедийн “Уур амьсгал эвдэгч феминист” гэсэн ойлголтоор тайлбарлаж болох юм. Товчхондоо феминист уур амьсгал эвдэгч гэдэг нь гэрт хоолны ширээний ард, ахуйн болоод ажлын хүрээнд, уулзалт, үдэшлэг, найран дээр бусдын тав тух, “сайхан уур амьсгал”-ыг эвдсэн ч гэсэн шударга бус, ялгаварлан гадуурхсан үгсийн хариуг ил тод хэлж, эсэргүүцэн зогсдог хүнийг хэлдэг гэж болно.
Тэгэхээр миний үгс, гадаад байдал, дүр төрх гээд олон талаараа “уур амьсгал эвдэгч” байдаг байх. Үүний цаана юуг шударга бус гэж үзэж байна, юуг хадгалж хамгаалах вэ гэх итгэл үнэмшилдээ баттай байх гэсэн өргөн агуулга бий. Намайг үсээ урт ургуулж, ягаанаар будаж, дуртай хувцсаа өмсдөг болохоор “нухацтай биш харагдаж байна” эсвэл “яаж ч харьцаж болно” гээд сонсохгүй байсан ч, улам чанга итгэлтэй дуугарч байх нь нэг талаараа бадрангуй санагддаг.
-Ярилцлагын булангийнхаа сүүлчийн тогтмол асуултыг тавья. Women who dare гэж таны хувьд хэн бэ?
-Зоригтой байхыг хэлэх байх. Тэр нь эрээ цээргүй байна гэсэн үг биш л дээ. Чанга байна гэдэг нь орилж чарлана ч гэсэн үг биш.
Зоригтой байна гэдэг нь байр сууриндаа үнэнч байдаг хүний хэлэх байх. Хийж байгаа зүйлдээ хэчнээн удаан ч тууштай хандаж, байр сууриасаа ганхалгүй, үнэнч явахад их зориг орно шүү дээ. Нэмээд замаасаа буцахгүй, бууж өгөхгүй байхад нэг л удаагийн тэсрэлт биш өдөр бүр зориг гаргах хэрэгтэй болно. Тэгэхгүй бол шантрах юм амьдралд мундахгүй. Энэ утгаараа хүчтэй, зоригтой, бадрангуй байна гэдэг өдөр тутмын жижигхэн зүйлээс эхэлнэ гэж боддог. Өөртөө хаашаа явж байгаагаа сануулж байгаа тэр өдөр тутмын шийдвэр.
Тэгэхээр тууштай, өдөр бүр хийх сонголт, шийдвэр нь зоригтой, бадрангуй эмэгтэйчүүд бол women who dare.
