Өнөөдөр Олон улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Women Who Dare” буландаа “Оюу толгой” компанийн Гүний уурхайн олборлолтын хэлтсийн хос чиргүүлт өөрөө буулгагч ачааны машины оператор Г.Сугарсүрэнг урьж, ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уул уурхайн салбарт буюу ялангуяа нүсэр том техник дээр ажиллах болсон түүхээсээ хуваалцана уу. Их сонирхолтой байна.
-Намайг Ганбаатарын Сугарсүрэн гэдэг. Гурван охинтой айлын дундах нь. Аав тээврийн жолооч болохоор багаасаа машин, техниктэй ойр өссөн нь энэ мэргэжлээр ажиллахад нөлөөлсөн гэж боддог. Би ШУТИС-ийн Техникийн орчуулагчийн ангийг төгссөн. “Оюу толгой” компанидаа ажилтнаар орж, сүүлийн 4 жил хос чиргүүлт ачааны машины оператораар ажиллаж байна.
-Охид ихэвчлэн багш, эмч болохыг мөрөөддөг шүү дээ. Гэтэл та тэс өөр сонголт хийжээ. Аавдаа үргэлж тусалж байсан бяцхан охины дурсамж энэ чиглэл рүү хөтөлчихсөн үү. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав маань ЗИЛ-130 машинаар тээвэрт явдаг байсан юм. Хамгийн багадаа 10 гаруй хоног явна. Ээж дэлгүүр ажиллуулдаг болохоор ихэнх цагаа дэлгүүртээ өнгөрүүлж, эгч бид хоёр гэрийн ажлаа хариуцна. Аавыг байхгүйд ихэвчлэн би ус зөөх, түлээ модоо бэлдэх гэхчлэн гэрийн гадуурх ажлаа хийж, ээждээ тусална. Дүүгээсээ олон насны зөрүүтэй болохоор тухайн үед би айлын бага байлаа л даа. Дээр үед янз бүрийн өнгөтэй ЗИЛ-130 машин байдаг байсан. Аавын барьдаг нь ногоон өнгөтэй. Тээвэрт яваад ирэхээрээ машиныхаа аюулгүй байдлыг хангаж, засаж сэлбэх ажил мундахгүй. Тэр болгонд нь рулийг нь мушгих, хаазлах, тормоз гишгэх, дугуйгаа солиход нь багаж зөөхөөс эхлээд миний туслах ажил ч багадахгүй. Тухайн үед жижиг машин цөөхөн учраас Цагаан сар болохоор золголтоор хөдөө гадаа их явна. Бөөнөөрөө тэвшин дээр нь суугаад нааш цаашаа их явдаг байсан дурсамж тод үлджээ.
Уул уурхайн салбарт ажиллахаар болоход гэрийнхэн нааштай хүлээж авч байсан. Өмнөговь аймаг бол уул уурхайн салбар хөгжиж буй газар шүү дээ. Харин ээж маань эмэгтэй хүнд уул уурхайн ээлжийн ажил тохиромжтой,эсэхэд эргэлзэж байсан ч би сонголтондоо эргэлзээгүй. Аав жолооч болохоор миний ажлыг дэмжиж, дуртай хүлээж авсан. Бид гурвуулаа уул уурхайн салбарт ажилладаг. Эгч, дүү хоёр бичиг хэргийн чиглэлээр ажилладаг бол би ганцаараа техниктэй харилцдаг ажлыг сонгож, гүний уурхайд ажиллаж байна.
-Хүмүүс өндөрт гарахад даралт нь хэлбэлзэхээс эхлээд биед өөрчлөлт гарч байгаа нь мэдрэгддэг. Харин газрын гүнд ажиллахад ямар байдаг вэ?
-Эхлээд би ил уурхайд ажилладаг байсан. Яваандаа гүний уурхайд ажиллахад хамгийн анх удаа 1256 метрийн гүнд орж ажилтайгаа танилцахад үнэхээр уулга алдаж, гоё мэдрэмж төрж байсан. Анх удаа гүний уурхайд ороход биед бага зэргийн өөрчлөлт ажиглагддаг. Бидний хэлж заншсанаар “кэйж” буюу цахилгаан шат 1256 метрийн гүн рүү 2-4 минутад бууж, өгсдөг. Миний хувьд эхний удаад гүн рүү ороход бүгчим мэдрэмж төрж байсан. Тэгээд хэд хэдэн удаа өгсөж, буухаар бие дасчихдаг юм билээ. Гүний уурхайг хүмүүс гүн харанхуй орчин гэж төсөөлөөд байдаг. Доороо маш их бүтээн байгуулалт хийчихсэн, гэрэлтүүлэг сайтай гоё орчинтой. Ийм гүнд тийм гоё орчныг хараад үнэхээр гайхаж байсан шүү. Тэр дундаа гүний уурхайн эмэгтэй операторууд хамгийн эхэнд нүдэнд тусч, үнэхээр бахархалтай санагдсан даа.

-Операторын голлох үүрэг нь юу вэ. Та ямар техник дээр ажилладаг вэ. Анх унаж сурахдаа айж бэргэж байсан уу?
-Миний ажилладаг хос чиргүүлт ачааны машин нь автомат, механик хосолсон байдаг нь эмэгтэй хүн унахад илүү хялбар байдаг. Бид энгийн хэрэгцээндээ жижиг машин унадаг шүү дээ. Яг түүн шиг эвтэйхэн. Хүмүүс харахаараа сүрдээд байдаг ч миний хувьд машинаа барихад сүрдэж, эмээж байсан удаагүй.
Би жижигхэн биетэй л дээ. Кабиндаа байхдаа том харагддаг юм шиг билээ. Буугаад ирэхээр хүмүүс “Ийм жижигхэн эмэгтэй тийм том машиныг хөдөлгөдөг юм уу” гэж гайхдаг. Руль, суудлаа өөртөө тааруулаад тохируулчихдаг болохоор машин маань томдох эсвэл, эвгүй оргих хүндрэл гардаггүй. Хос чиргүүлтийн маань дугуйг яаж тоолдог юм бэ гэж хүмүүс их гайхдаг. Толгойноосоо эхлээд чиргүүл хүртлээ нийт 56 ширхэг дугуйтай. Энэ тоог сонсохоороо хүмүүс уулга алдаад их сонирхдог юм.
Ер нь сургалтын албанаас багш ирж, гүний уурхайд хос чиргүүлт барихыг тусгайлан заадаг. Эхний ээлжинд сингл буюу нэг чиргүүлтэйгээр сургалт орж уурхайн орон зайн баримжаа олгож, туршлагажуулдаг. Багшийн зааварчилгаан дор хамт явж, суралцдаг. Үүний дараа хос чиргүүлтэй машин жолоодож дараагийн шатны сургалтдаа хамрагддаг. Ерөнхийдөө 10 хоногийн давтамжтай сургалтад хамрагдаж, эрхээ авдаг. Миний хувьд саяхнаас техник дээрээ сургагч багш болж, шавь нараа сургаж байна. Нэг багт нийт 3 сургагч багш ажиллаж байна.
Манай машин хүдрийг тасралтгүй тээвэрлэх үүрэгтэй. Зорилго нь ч тийм. Ажил 24 цагаар явагддаг учраас өдөр шөнийн ээлжээр ажилладаг. Хос чиргүүлт маань нийт 160 тонн буюу нэг чиргүүлдээ 80 тоннын хүдэр тээвэрлэх даацтай. Тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан өдөр тутмын төлөвлөгөөний дагуу, ямар нэгэн аюул эрсдэлгүйгээр операторууд ажилладаг.
-Таны унадаг техник гүний уурхайдаа цор ганц ягаан өнгөтэй ачааны машин нь гэж сонссон. Цорын ганц ягаан өнгөтэй ачааны машин унахад ямар санагддаг вэ. Энэ өнгө ямар нэгэн зүйлийг илэрхийлдэг үү?
-Бахархалтай санагддаг. Энэ мэргэжлийг сонгосондоо үргэлж баяртай байдаг. Манай ажилладаг хэсэгт 6 ширхэг хос чиргүүлт байдаг. Эдгээрээс ганц миний унадаг ньягаан өнгөтэй. Энэ ягаан өнгө нь уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж буйн илэрхийлэл юм. Хүмүүс машиныг маань хараад янз бүрийн хөөрхөн нэр өгчихдөг. Ихэнх нь “Ягаанаа” гэж дууддаг болохоор станцаар холбогдохдоо “Ягаанаа байна” гэчхээр амар байдаг юм.
-Гүний уурхайд ажиллахад нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа хамгийн чухал байдаг. “Оюу толгой” компани энэ тал дээр хэр няхуур ажилладаг вэ?
-Бидний ажлын нөхцөлд аюулгүй ажиллагаа ямагт нэгт тавигддаг. Ямар нэгэн эрсдэлтэй зүйл гарвал тухайн ажлыг зогсоох эрх хүн бүхэнд бий. Хэрвээ би ажлаа хийж байх явцад аюултай зүйл гарвал, ажиглавал ажлаа шууд зогсоож, ахлах ажилтандаа мэдэгдэх эрхтэй. Заавал тухайн ажлыг дуусгах ёстой гэсэн зүйл байхгүй. Бидний хувьд ийм том техникийг хөдөлгөнө гэдэг аюулгүй ажиллагаа талдаа маш чухал байдаг. Тийм болохоор өдөр тутмын алжаал ядаргаагаа тайлж, маш сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Манай тээвэрлэлтийн түвшний түннелүүд 6 метрийн өндөртэй, 5.5 метрийн өргөнтэй тул ачааны машин үргэлж 2 талын ханатай ойрхон явдаг. Анхаарал болгоомжтой бүтэн 12 цагийн турш жолоодлого хийхэд амралт их чухал. Бие нь чилээрхүү, эрүүл мэндийн асуудал үүсвэл ахлахдаа хэлэх, хурал дээрээ мэдэгдэх гэхчлэн өөрийгөө болон хамт олноо аюул эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой, нээлттэй байдаг нь таатай санагддаг. Мөн заавал ганцаараа зүтгээд байлгүй багаасаа, хамт олноосоо тусламж авч, хамтдаа гүйцэтгэх боломж нээлттэй байдагт нь дуртай.
-Уул уурхайн салбарт голчлон эрчүүд ажилладаг гэх хэвшмэл ойлголт бий. Үүнтэй холбоотой сөрөг болон эерэг хандлага гардаг уу?
-Сөргөөс илүү эерэг хандлага их. Мэдээж уул уурхайн салбар учраас эрчүүд олон. Энэ удаагийн ээлжинд маань 14 хүн ажиллаж байгаагаас 4 нь эмэгтэй. Компанийн хувьд ойролцоогоор 4 ажилтан тутмын нэг нь эмэгтэй. Бидний хийж гүйцэтгэж буй өдөр тутмын ажил адилхан. Манай хэсэг рүү тусгай зөвшөөрлөөр нэвтэрдэг учраас хүссэн хүн бүхэн орох боломжгүй. Засвар үйлчилгээ хийхээр орж ирсэн багийнхан эмэгтэй хүн нүсэр том техник барихыг харахаар сонирхолтой санагддаг юм шиг билээ. “Машины чинь урд зургаа авахуулж болох уу, суугаад хамт тойроод ирж болох уу” гэж асуух тохиолдол их. Гүний уурхай маш олон хэсгээс бүрддэг, олон замтай. Манай техник бол хүдэр тээвэрлэлтийн хэсгээсээ гардаггүй, гарах ч боломжгүй учраас бусад хэсгийн ажилтнууд манайд орж ирэхээрээ машиныг маань их сонирхож, зураг бичлэг хийж болох үгүйг асуух нь элбэг.
-Танд энэ хугацаанд ажлаасаа халширч, шантарч байсан үе бий юу?
-Анхнаасаа дурлаж хийсэн ажил минь учраас шантрах үе байгаагүй. Харин ажлаа яавал илүү сайн хийж чадах тухай бодож, хичээж ажилладаг. Анх өөр хэсэгт төрөл бүрийн техник дээр ажиллаж үзсэн болохоор сурах зүйл их байсан. Үүнээс хойш үндсэн багтаа орж ажиллаад 4 жил болчихсон учраас туршлага нэлээн хуримтлуулжээ. Цаашдаа уул уурхайн чиглэлээрээ сурч, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой.

-Залуухан эмэгтэй энэ мэргэжлийг сонгож дээрээс нь дэлхийн топ уул уурхайн компанид ажиллаж байна гэхээр олон эмэгтэйд урам зориг өгч, ингэж ажиллах сэдэл өгч байгаа нь гарцаагүй. Тан шиг мэргэжил эзэмшиж, “Оюу толгой” компанид ажиллах хүсэлтэй байгаа хүмүүст өгөх зөвлөгөө юу вэ?
-Тухайн ажилдаа сонирхолтой байх нь хамгийн чухал болов уу. Би өмнө нь туслан гүйцэтгэгч компанид ажилладаг байсан. Тухайн үед “Оюу толгой” компанид олон ажлын байр зарлагдсан юм. Тэгэнгүүт нь өөрийнхөө сонирхож байсан 2 ажлын байранд анкетаа бөглөж илгээсэн. Нэг нь, хүнд даацын машины оператор байсан л даа. Эхний шатандаа тэнцээд ярилцлагад дуудагдсан. Хүмүүсээс “Оюу толгой”-д хэр баргийн хүн тэнцдэггүй гэдгийг сонсож байсан болохоор ярилцлагын үед сандарч, сүрдэж байсан л даа. Гэтэл ярилцлагын үед эерэг мэдрэмж төрүүлж, нааштай хандлага гаргасан нь сайхан санагдсан. Сүүлийн жилүүдэд манай компани эмэгтэйчүүдийг дэмжиж, ажилд авах бодлого хэрэгжүүлж байгаа юм билээ. Гүний уурхайд гэхэд миний орж байсан үетэй харьцуулахад эмэгтэй оператор маш олноор нэмэгдэж байгаа. Тийм болохоор хэрвээ та “Оюу толгой” компанид ажиллахыг хүсэж байгаа бол хүмүүсийн яриа, сураг чимээнээс айж сүрдэх биш өөрөө үйлдэл хийж, анкетаа бөглөөд үзэхийг зөвлөе.
-Дэлхийн хэмжээний стандартад нийцсэн уул уурхайн компанид ажиллаж байгаа хүний хувьд уурхайн талаарх ойлголт хэр өөрчлөгдсөн бэ?
-Манайх Өвөрхангай аймгийн Хархорин сумынх. Тэнд төрж өссөн. Биднийг оюутан болох үед манайх Өмнөговь аймаг руу шилжиж, суурьшаад 16 жил болсон байна. Тийм болохоор хоёр нутагтай гэж болно. Одоо эндээ их дасчээ. Говь нутагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Олон мянган айл өрх энд ажил хөдөлмөр эрхэлж, сайхан амьдарч байна. Бага байхад Өвөрхангайн Уянга суманд алт гарч байна гээд л хүмүүс хувиараа алт олборлож байгаа талаар их сонсдог байсан. Алт угаадаг “нинжа” нарын тухай сонсоход, мэдээгээр үзэхэд нөхцөл байдал нь их хэцүү санагддаг байсан л даа.
Яг амьдрал дээр гараад “Оюу толгой” компанид ажиллаж, стандартын дагуу олборлолт хийхийг нүдээрээ харахад маш өөр мэдрэмж төрсөн. Багадаа харж байснаараа уурхайг төсөөлчихөөд Оюутолгойдоо орж ирэхэд тэнгэр газар шиг л зөрүүтэй санагдсан. Дүрэм журам, бүтээн байгуулалт гэж юу болохыг үүднээс нь эхлээд эндээс л харж болно. Энэ том компани, ийм олон ажилтнууд онгоцонд, автобусанд суухаас эхлээд хоолонд орохдоо ч бүх зүйл дээр ямар ч асуудалгүй ирсэн дарааллаараа дугаарлаж, оочирлож чаддаг нь гайхмаар шүү. Ягштал биелүүлдэг юм. “Оюу толгой”-гоороо бахархдаг бас нэг зүйл нь энэ. Манайхаар ирсэн гадна, дотнын зочид энэ тухай нийгмийн сүлжээнд жишээ болгон сэтгэгдэл үлдээж, зураг оруулж байгааг олон удаа харсан.
Мөн үндсэн болон гэрээт ажилтнууддаа эрүүл орчинд, аюулгүй ажиллаад буцах ёстойг хэвшүүлж чадсан нь хамгийн сайхан санагддаг. Бидний ажил гүйцэтгэдэг хэсгийг “Продакшн-А” баг гэдэг. Аюулгүй байдлыг хангаж ажиллуулдаг нийт ахлах, удирдлагадаа баярлаж явдаг шүү.
-Өнөөдөр олон улсын Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн өдөр. Энэ онцгой өдрөө тохиолдуулан энэ салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдэд хандаж сэтгэлийн үгээ хэлнэ үү?
-Уул уурхайн салбарын ажлыг эрэгтэйчүүд л хийж чадна гэсэн хэвшмэл ойлголт аль хэдийнэ хуучирсан. Аль ч салбарт эрчүүдийн хийж чаддаг ажлыг эмэгтэйчүүд ч хийж чаддаг, хийх боломж нээгдсэн нь, эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлтэй болсон нь мэдрэгддэг. Зарим хүний харцнаас үүнийг хийж чадах л юм байхдаа гэсэн хандлага анзаарагддаг. Гэвч эмэгтэйчүүд бүхий л түвшинд ямар ч ажлыг хийж чаддаг болсон цаг үед бид нар амьдарч байна. “Оюу толгой” даяар мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт эмэгтэйчүүддээ ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Та нар бүгдээрээ мундаг шүү.
-Энэ булангийнхаа уламжлалт асуултаар яриагаа өндөрлөе. Women who dare гэж таны хувьд хэнийг хэлэх вэ?
-Бүх зүйл дээр өөртөө итгэлтэй байж чаддаг эмэгтэйг л хэлнэ дээ. Хүний амьдралд алдах онох зүйл байдаг ч тэр бүхнээс эмээлгүй өөрийн хийе гэснээ итгэлтэйгээр хийж чаддаг эмэгтэйчүүд хүчирхэг, зоригтой санагддаг. Эргээд бодоход энэ ажлыг сонгосон нь нэг төрлийн зориг байсан. Тийм учраас намайг ч бас хүчирхэг, зоригтой эмэгтэй гэж болох байх.