UBLife Logo
Фото
Фото | Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?

Фото | Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?

Гэрэл зурагчин Б.Долгорсүрэн буюу Suniko-гийн “Where would we find you, if we need to find you?” буюу “Бидэнд таныг хайх хэрэг гарвал хаанаас олох вэ?” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн “Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ.

Б.Долгорсүрэн (Suniko)

Тэрээр энэхүү үзэсгэлэнгийнхээ санааг хөгжүүлэн Нью-Йорк хотын Камер клубын “BAXTER ST Residency” хөтөлбөрт оролцож, 400 гаруй уран бүтээлчээс шалгарсан байна. Нью-Йорк хотод оршин суудаг, гэрэл зураг болон линзэд суурилсан урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдэд нээлттэй тус хөтөлбөрөөс ердөө гурван уран бүтээлчийг сонгон шалгаруулж, тэдэнд гурван сарын хугацаанд өөрсдийн бүтээлээ хөгжүүлэн ажиллах боломж олгодог аж. Б.Долгорсүрэн эдгээр гурван уран бүтээлчийн нэгээр шалгарч, резиденсийн хугацаанд энэхүү төслөө хөгжүүлэн, Нью-Йорк хотод анхны бие даасан үзэсгэлэнгээ толилуулжээ. Харин уг үзэсгэлэнгээ энэ удаа Монголдоо анх удаа дэлгэн үзүүлж байна.

Бостон, Сингапур, Бангкок болон Монголд амьдарч байсан тэрээр шилжилт хөдөлгөөнөөр дүүрэн бага наснаасаа сэдэвлэн өөрийн бүтээлдээ ойр дотно байдал ба холын зайн эсрэгцэлийг харуулсан байна.

Тус үзэсгэлэнд Монгол орны тал хээр, хот суурин газрын дүрслэлээс гадна паспорт, тамга дардас зэрэг шилжилт хөдөлгөөнийг илэрхийлэх элементүүд зонхилно. Тэрээр ашиглаж дууссан гурван паспортынхаа хуудсыг скайнердан, гэрэл зургийн бүтээлүүдтэйгээ хослуулан ашиглажээ. Энэ тухайгаа тэрээр “Эдгээр паспортууд бол миний түүх. Ажиллаж, амьдарч, аялсан цаг хугацааны маань үнэт хэсэг” хэмээн онцолж байв.

“Where would we find you if we need to find you?” буюу “Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?” гэх асуултыг түүнээс анх хилийн шалган нэвтрүүлэх ажилтан асуужээ. Энгийн мэт сонсогдох энэхүү асуулт нь түүний сэтгэлзүйн орон зай, дотоод зөрчил, мэдрэмжийг хөндөж энэхүү үзэсгэлэнгийн эхлэл болжээ.

Шилжилт хөдөлгөөн, ой дурсамж, харьяалал болон орон зайн тухай уран бүтээлчийн хувийн туршлага, эрэл хайгуулыг өргөн форматтай хальс болон дижитал коллажийн хослолоор илэрхийлжээ. “Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?” үзэсгэлэн нь гэрэл зурагчин Б.Долгорсүрэнгийн “Монгол орно” урт хугацааны төслийн салшгүй, чухал хэсэг юм.

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн наймдугаар сарын 31-нийг хүртэл “Улаан гэр” галерейд үргэлжилнэ. Та бүхэн тус үзэсгэлэнгээр зочилж, уран бүтээлчийн хувийн түүх, дурсамж, шилжилт хөдөлгөөнөөр дамжих өөрийнх нь эрэл хайгуулын нэгээхэн хэсэгтэй танилцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...