UBLife Logo
Newsfeed

ДАШТ-ийг шуугиулж буй “Viking Row” гэж юу вэ?

ДАШТ-ийг шуугиулж буй “Viking Row” гэж юу вэ?

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж буй хүмүүсийн анхаарлыг зөвхөн Норвегийн шигшээ багийн тоглолт биш, тэдний хөгжөөн дэмжигчдийн өвөрмөц баярын хөдөлгөөн мөн татаж байна. Сошиал сүлжээнд хэдийнээ сая сая хандалт цуглуулаад буй "Viking Row" буюу "Викингүүдийн сэлүүрдэх хөдөлгөөн" нь тэмцээний хамгийн танигдсан үзэгдлүүдийн нэг болоод байна.

"Viking Row" гэж юу вэ?

Энэ нь олон хүн зэрэгцэн газар сууж, завь сэлүүрдэж буй мэт биеэ урагш хойш хөдөлгөн хэмнэл даган савлах хөдөлгөөн юм. Хөгжмийн бөмбөрийн цохилтын хэмнэлээр хөдөлж, хоёр цохилт тутамд хөгжөөн дэмжигчид чангаар "RO!" гэж хашхирдаг нь энэ ёслолын хамгийн онцлог хэсэг.

Викингүүдийн түүхээс улбаатай

Энэхүү баярын хөдөлгөөн нь Норвегийн хамгийн алдартай түүхэн өв болох Викингүүдийг бэлгэддэг.

МЭ 800-1050 оны хооронд үргэлжилсэн Викингийн эрин үед Норвеги нь далайгаар аялагч, дайчин викингүүдийн гол эх нутаг байсан бөгөөд тэдний урт завь, хүчирхэг сэлүүрчид нь тухайн үеийн бэлгэ тэмдэг байв.

Иймээс хөгжөөн дэмжигчид хамтдаа "сэлүүрдэх" хөдөлгөөнөөр үндэсний бахархлаа илэрхийлдэг аж.

Энэхүү баярын хөдөлгөөнийг анх хэн санаачилсан бэ?

"Viking Row"-ийг Норвегийн алдарт хөгжөөн дэмжигч Оле Фрёйстад (Ole Frøystad) анх санаачилжээ.

Тэрээр 2026 оны гуравдугаар сард Швейцарын эсрэг нөхөрсөг тоглолтын үеэр бусад хөгжөөн дэмжигчдийн хамт анх туршсан бөгөөд богино хугацаанд Норвегийн фанатуудын албан ёсны баярын хөдөлгөөн болсон байна.

Харин ДАШТ эхэлснээр дэлхийн сая сая үзэгчдийн анхаарлыг татаж, TikTok, Instagram, X зэрэг платформ дээр хамгийн их түгсэн баярын хөдөлгөөн болжээ.

Норвегийн супер од Эрлинг Холанд болон багийн ахлагч Мартин Өдегор Зааны Ясан Эрэг улсын шигшээг хожиж шөвгийн 16-д шалгарсны дараа хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт "Viking Row"-г хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, хүндэтгэлийг хүлээсэн мөч болсон юм.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга жил бүр өөрийн гэсэн мартагдашгүй дүр зурагтай үлддэг. 2026 оны ДАШТ-д Норвегийн "Viking Row" нь хөгжөөн дэмжих соёл хэрхэн үндэсний түүх, бахархалтай хосолж болдгийн тод жишээ болж байна.

Норвегийн шигшээ шөвгийн 16-д Бразилтай тоглон ялсны дараа ч мөн "Viking Row" хийсэн нь одоо дэлхийг шуугиулж, энэхүү баярын хөдөлгөөн яваандаа тэдний ялалтын гол хүч болохыг ч үгүйсгэхгүй гэцгээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...