Хүүхэд байхдаа найзтай болох амархан байжээ. Нэг ангид суухад л найз болчихно. Гадаа хамт тоглоход л найз болчихно. Заримдаа бүр нэг ижил хүүхэлдэй, нэг ижил тоглоомд дуртай байхад л хангалттай. Харин 20 гарсан хойно яагаад бүх зүйл ийм хэцүү болчихдог юм бол?
Том болох тусам хайр дурлал, карьер, мөнгө, зорилго мөрөөдлийн тухай их ярьдаг ч насанд хүрсэн хүний хамгийн том сорилтуудын нэг болох найз нөхөрлөлийн тухай харьцангуй бага ярьдаг. Гэтэл олон хүн яг энэ үедээ хамгийн их ганцаардлыг мэдэрдэг.

Их сургуулиас гармагц бидний ертөнц өөрчлөгддөг
Сургууль бол найз нөхөрлөл үүсэхэд хамгийн тохиромжтой орчин. Өдөр бүр нэг хүмүүстэй уулзана. Ижил асуудалтай байна. Ижил хичээл үзнэ. Ижил орчинд олон цаг өнгөрөөнө. Харин төгсөөд ажилд ороход энэ бүтэц алга болдог.
Зарим найзууд өөр хот руу явна. Зарим нь гэр бүл зохионо. Зарим нь ажлын хуваарьт дарагдана. Урьд нь өдөр бүр уулздаг байсан хүмүүсийг одоо сардаа нэг харах ч хэцүү болно.
Нөхөрлөл автоматаар бий болдог үе дуусаж, санаа зорилготойгоор арчлах шаардлагатай болдог.

Бид өмнөхөөсөө илүү болгоомжтой болдог
Хүүхэд байхдаа хүмүүсийг ертөнцдөө хурдан оруулдаг байсан бол нас ахих тусам эсрэгээрээ болдог.
Бид шархалж үзсэн, итгэл алдрах ямар байдгийг мэддэг болсон. Тиймээс шинэ хүнтэй танилцахдаа илүү их ажиглаж, илүү их эргэлзэж эхэлдэг. Энэ нь өөрийгөө хамгаалах арга боловч заримдаа жинхэнэ холбоо тогтоох боломжийг ч багасгадаг.
Найзтай болох цаг хугацаа багасдаг
20-иод нас бол амьдралын хамгийн завгүй үеүдийн нэг.
Карьер эхэлж байна. Суралцаж байна. Мөнгө олох гэж хичээж байна. Зарим нь өөрийгөө шинээр нээж байна. Энэ бүхний дунд шинэ нөхөрлөл бий болгоход шаардлагатай хамгийн чухал зүйл болох "хамт өнгөрүүлэх цаг" дутагдаж эхэлдэг.
Нөхөрлөл нэг шөнийн дотор бий болдоггүй. Олон жижиг уулзалт, энгийн яриа, хамт өнгөрүүлсэн уйтгартай өдрүүдийн нийлбэр байдаг.

Сошиал медиа биднийг төөрөгдүүлдэг
Бусдын зургийг харахад бүгд асар олон найзтай юм шиг санагдана.
Амралт, төрсөн өдөр, аялал, хамтдаа авахуулсан зургууд гээд л. Гэхдээ бодит байдал дээр олон хүн яг ижил асуудалтай тулгарч байдаг. Насанд хүрсэн хойно шинэ найзтай болох хэцүү гэдгийг судалгаанууд ч харуулдаг. Заримдаа бид ганцаараа байгаа мэт санагддаг ч үнэндээ яг бидэн шиг мэдрэмжтэй олон хүн бий.
Гэхдээ хамгийн сайхан, гүн, бат бөх нөхөрлөл энэ үед эхэлдэг
20-иод насны нөхөрлөл хүүхэд насныхаас өөр. Та нэг ангид сууж байгаа болохоор биш, нэг хороололд амьдардаг болохоор биш, рарин үнэт зүйл, үзэл бодол, сонирхол, амьдралын туршлагаараа холбогддог. Тиймээс насанд хүрсэн хойно бий болсон нөхөрлөлүүд ихэвчлэн илүү ухамсартай, илүү бат бөх байдаг.
