Бельгийн шигшээ багийн гол довтлогч Жереми Доку эхнэрээ төрөхөд дэргэд нь байхын тулд ДАШТ-ээс явахаар болжээ. Энэхүү асуудал Бельгийн хэвлэлийн гол мэдээ болоод байна. Нэг талаас орчин үеийн сэтгэлгээний хувьд эхнэрээ хүүхэд төрүүлэхэд нь дэргэд нь байж дэмжих хэрэгтэй ч нөгөө талаас 4 жилд нэг удаа болдог ДАШТ-ий шигшээ багт сонгогдсон бол эх орондоо туслах ёстой байдаг.
Францын телевизийн хөтлөгч Франс Пьерроны энэ талаар хийсэн нэвтрүүлэг жинхэнэ шуугиан тарилаа.

Юуны өмнө Жереми Доку анхныхаа хүүхдийг өлгийдөн авах гэж байгаа. Түүний эхнэр 14-20 хоногийн дотор төрөх ёстой бөгөөд энэ хугацаанд Бельгийн шигшээ баг шилдэг 16-д өрсөлдөж байх болно.
“Би анхныхаа хүүхдийг төрөхөд дэргэд нь баймаар байна. Аав болгон ингэж хүсдэг шүү дээ. Гэхдээ хөлбөмбөгийн ДАШТ-д дэлхий даяараа биднийг харж байгаа. Хөлбөмбөгийн холбоо удахгүй шийдвэр гаргана” гэж тэр хэлсэн.
Францын “L’Équipe” теле сувгийн “L’Équipe de choc” нэвтрүүлгийн хөтлөгч Франс Пьеррон шууд эфирт “Доку шигшээ багаа орхиод эхнэрээ төрөхөд нь очих гэж байгаа нь надад таалагдахгүй байна. Яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би эмэгтэй хүн болохоор, эсвэл би бага зэрэг хачирхалтай, зүрх сэтгэлгүй болохоор тэр биз. Гэхдээ ДАШТ-д оролцох боломж гарч байхад орхиод явна гэдгийг би ойлгохгүй байна. Олон зуун хөлбөмбөгч ийм боломжийн төлөө үхэхэд бэлэн байна. ДАШТ бол тамирчдын багын мөрөөдөл. Хүнд ганц удаа тохиолдох гайхамшиг. Энэ бүхнийг хүүхдээ төрөх үед байх гэж орхих гэж үү? Хүүхэд төрөх үе бол шууд хэлэхэд нэг их таатай зүйл биш. Тэнд аав хүн ямар ч хэрэг байхгүй, харин ч саад болдог” гэж хэлсэн юм.

Түүний үгэнд боксын олимпын аварга Брахим Аслум тун гайхаж, “Яагаад аав хэрэггүй гэж? Эхнэрээ дэмжих ёстой биз дээ” гэсэн. Харин Франс Пьеррон “Эх баригч эмч гэж байгаа. Харин чи арван цаг нисээд эмнэлэгт ирлээ, сэтгэл, бие ч ядарна. ДАШТ-ий уур амьсгалаас гарж орхино. Хүүхэд хаачих ч үгүй, байж л байна. Тэмцээний дараа уулзаж болно” гэж хариулсны дараа танхимд маргаан үүссэн байна.
Нэвтрүүлгийн сүлжээ, сайт тэр чигээрээ Пьерроныг дайрсан сэтгэгдлээр дүүрч, 2026 онд хэлж болохгүй үг хэллээ гэж зэмлэжээ.
Маргааш нь Пьеррон олон нийтийн сүлжээнд “Бельгийн хөлбөмбөгч Докугийн талаар миний хэлсэн үгэнд олон хүн эмзэглэжээ. Би хэдэн юм тодруулах гэсэн юм. Нэвтрүүлэгт би хувийн үзэл бодлоо илэрхийлсэн. Манай хамт олон, телевизийн бодлого биш. Зарим хүнийг гомдоож, уурлуулсандаа уучлал гуйж байна. Аав хүний үүргийг багасгах гэж бодоогүй юм шүү” гэжээ.

