Шагналын тавцангаас Шүүхийн суудалд шилжсэн нэгэн харамсалтай хэрэг гарлаа. ОХУ-ын Владикавказ хотын шүүхээс 18 настай Исса Зангиевыг хүн амины хэргийн сэжигтнээр татаж, баривчлах шийдвэр гаргалаа.
Исса бол Хойд Осетийн уугуул, маш ирээдүйтэй бөх гэж яригдаж байсан залуу юм. Харин одоо түүний замнал өндөрлөх шинжтэй боллоо.
Хэрэг гардаг өдөр Исса Зангиев найзуудтайгаа хамт Владикавказ хотын цэцэрлэгт хүрээлэнд нэгэн асуудал шийдэхээр очжээ. Тэрээр 3500 рублийн авлагаа авах санаатай байв. Их биш мөнгө ч гэсэн тэд их ууртай байсан ажээ. Харин өр тавиад буцааж өгөөгүй залуу 19 настай найзыгаа дагуулаад ирсэн байв. Яриа хэрүүл болж, удалгүй зодолдон, нэг нь буу гаргаж ирээд буудсан нь 19 настай залуугийн яг нүдэнд тусжээ. Ингээд Исса Зангиев найзуудтайгаа машинд суун зугтсан бол шархадсан залууг эмнэлэгт хүргэсэн ч аварч чадсангүй. Цагдаагийн газраас 17-22 насны дөрвөн сэжигтнийг баривчилсан. Шүүхийн мэдэгдэлд Ардон хотын иргэн, 18 настай залуу буудсаныг тогтоосон гэж мэдэгдсэн тул Исса байх магадлал өндөр байгаа юм.
Исса Зангиев 2025 оны чөлөөт бөхийн 80 кг жингийн ОХУ-ын аварга, U-17 ДАШТ-ий хүрэл медальт бөх. 2025 оноос ОХУ-ын залуучуудын шигшээ багт бэлтгэл хийж байлаа.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили “Тун эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Нэг залуугийн амь нас хохирч, нөгөөхийнх нь гялалзсан ирээдүй устаж, алга боллоо” гэж мэдэгдсэн байна.
