Шведийн од Златан Ибрагимович энэ ДАШТ дээр “Fox Sports” телевизийн тайлбарлагчаар ажиллаж байна. Тус телевиз энэ талаар мэдээлэхдээ “Тавтай морил, Златан! Ибрагимович ДАШТ-д өөрийг нь дагаж явахыг “Fox Sports”-д зөвшөөрлөө” гэж бичсэн байлаа. Ибра анх удаагаа студид ажиллаж байгаа ч залуу үеийнх шигээ өөртөө хэт итгэлтэй, бардам байлаа. Эхний өдөр л түүнээс ямар хэсгийг сонирхож байна вэ гэхэд Англи, Хорват, Гана, Панамтай хэсгийг сонгосон. Студид түүнтэй хамт Тьерри Анри, Ребекка Лоу, Алекси Лалас нар ажиллаж байгаа. Ибра Шведийг биш Хорватыг дэмжиж байгаагаа хэлсэн. “Би хорват гаралтай боохоор энэ багийг дэмжиж байгаа. Гана бол авьяаслаг тоглогч ихтэй. Харин Панам бол энэ хэсэгт боксын мешок шиг л нүдүүлэх байх. Англи, Хорват хоёр эхний байрны төлөө өрсөлдөж, Гана саад болох гэж оролдоно” гэж хэллээ.

Мөн Ибрагимович өндөр цалин авч байгаагаа тайлагнасан. Тэрээр “Fox надад их мөнгө өгч байгаа. Би үнэгүй хүн биш. Маш үнэтэй хүн. Урьд нь ярих зүйлийнхээ зохиолоо бичдэггүй цорын ганц хөтлөгч. Би энд өөрийнхөөрөө байна. Тэдэнд Златан хэрэгтэй. Би Златаныг тэдэнд үзүүлнэ. Бусад шинжээчид ярьж байх хооронд америкчууд унтчих байх. Харин би тэднийг сэрээх болно. Надаад шүүлтүүр байхгүй, хүссэнээ хэлнэ” гэж байлаа.
Тэрээр бусдаараа дандаа тоглож байгаа. Хөтлөгч бүсгүйд “Ребекка, чи яг оршуулганд ирсэн мэт хувцаслажээ. Алекси Лалас үхээгүй, амьд байгаа, бүү санаа зов” гэж заасан.
Бельги – Иран (0:0) тоглолтын талаар “Эхний үед би бараг унтсан. Хоёрдугаар үед үнэхээр унтсан” гэсэн.
Таныг дагагчид энэ нэвтрүүлгийг үзэж байгаа гэхэд “Надад дагагч байхгүй. Намайг шүтэн бишрэгчид л бий” гэжээ.

АНУ-ын багийн талаар “АНУ дэлхийн аварга болж чадна. Энэ том орон, дэмжлэг ард нь байхад ялах ёстой. Америк дэмжигчид сулхан, нялцгай ч баг нь ялж чадна. Баг нь ялагдаад байхад тэд инээгээд сууж байдаг. Харин Францад бидэн рүү хутга шиддэг байлаа”
Лалас Францын шигшээг хэт бардам байна гэхэд Ибра “Мэдлэггүй хүмүүс үүнийг бардам, онгироо, харин ухаантнууд өөртөө итгэлтэй тоглолт гэж нэрлэдэг” гэж хариулсан.
“Роналду Месси хоёрын хэн нь илүү вэ” гэсэн мөнхийн асуултад “Златан” гэж хариулсан.
“Кейн од тоглогч ч сүүлийн минутад гэдсээрээ бөмбөг хааж, хамгаалсан. Тэр ялахын тулд оддын хийдэггүй зүилийг ч хийнэ” гэж магтлаа.
АНУ – Парагвай тоглолтын өмнө студид стример IshowSpeed ирсэн. Тэр Португал түрүүлнэ гэж зөгнөхөд Роналдутай хэзээ ч сайн харилцаатай байгаагүй Ибра микээ хураагаад зүгээр өрөөнөөс гаргаад явуулчихсан.

Ингээд Ибрагимовичийн тамирчин байх үеийн амьдралын дүрэм, алдарт үгнүүдийг нь танилцуулья.
-Тийм ээ, Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр олон удаа шалгарсан. Гэхдээ би түүнээс ялгаатай нь хайрцган дээр зогсолгүй автоматаас чихэр аваад идчихэж чадна.
- Гвардиола сайн дасгалжуулагч. Гэхдээ тэр эр хүн биш, аймхай новш.
- Би бол “Феррари”. Харин “Барса”-д намайг нэг муу “ФИАТ” шиг л ашиглахыг хүссэн.
- “Мэдэхгүй. Эхнэрээсээ асуу” (Яагаад ийм шалбархайтай болоо вэ гэсэн сэтгүүлчийн асуултад ингэж хариулжээ)
- “Манай гэрт хүрээд ир. Би чамд гомо эсэхээ үзүүлье. Эгчийгээ ч бас дагуулаад ирээрэй”. (“Пикэтэй яагаад ийм дотно юм бэ? Та хоёр гомо биш биз” гэсэн эмэгтэй сэтгүүлчийн асуултад өгсөн хариу)
-Үргэлж атаман байх ямар хэцүү гэж бодож байна.
- Би өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулдаггүй. Златан бол дэлхийд цорын ганц бүтээгдэхүүн.
- Би Америкийн лигийн ихэнх тоглогчийг мэдэхгүй. Гэхдээ тэд бүгд намайг мэддэг гэдэгт итгэлтэй байна.
- “Златан гэмтлээ” гэдэг мэдээг сонсохоор дэлхийн бүх баг баярладаг.
- Жозе Моуриньо бол том од. Манай эхнэртэй танилцахдаа тэр чихэнд нь “Хелена чиний амьдралд ганц л зорилго бий. Златаныг хамгаалж, аз жаргалтай байлга” гэж хэлсэн. Жозе надад таалагддаг.
- Эхнэртээ төрсөн өдрөөр нь юу бэлэглэх вэ гэж үү? Юу ч бэлэглэхгүй. Түүнд би байгаа нь хамгийн том бэлэг.
- Би католик шашинтан. Гэхдээ Бурхан ч миний тоглолтыг надаас илүү шүүж чадахгүй.
-Би өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг болохоор аз жаргалтай мөч надад цөөхөн байдаг. Гэхдээ намайг өөрчилж болохгүй. Миний ялагчийн сэтгэхүй өөрийгөө дорд үзэх боломж олгодоггүй.
-Хөлбөмбөгчид дарамт шахалтад дургүй бол би эсрэгээрээ маш дуртай. Дарамт надад зорилгоо биелүүлэх боломж өгдөг.
- Миний талаар хэн юу хэлж байгаа нь надад сонирхолтой байдаггүй. Би дүрэм журмын эсрэг хүн. Улаан гэрлээр гардаг залуус надад таалагддаг.
- Сайн тоглохын тулд галзуу юм шиг байх хэрэгтэй. Хашхирч орилох шаардлагатай. Тийм үед л би амьд гэдгээ мэдэрдэг.
- Талбай дээр би шувуу мэт эрх чөлөөтэй байх ёстой.
- “Барса”-д Месси, Шави, Иньеста гэсэн одод нь дасгалжуулагч юу ч хэлсэн толгой дохин зөвшөөрдөг. Харин би сургуулийн хүүхэд биш.
- Би машинаар галзуу мэт давхих дуртай. Нэг удаа 325 км/цагийн хурдтай давхиж, цагдаа нараас зугтаж чадсан.
- Аварга болохын тулд ганц хүний хүчин зүтгэл багадна. Дэргэд чинь сайн хөлбөмбөгчид байх ёстой. Азаар би үргэлж агуу хөлбөмбөгчидтэй хамт тоглож байлаа.
-Муу тоглоод аварга болох нь сайн тоглоод медальгүй хоцорсноос дээр.
-Месси бол бурхнаас заяасан авьяастай хөлбөмбөгч. Харин Роналду маш их бэлтгэл хийж байж гарч ирсэн тоглогч. Месси зүүн хөлөөрөө тоглоод л дэлхийн шилдэг нь болсон. Хэрэв тэр баруун хөлөөрөө тоглоод эхэлбэл дэлхийн хөлбөмбөг юу болох нь төсөөлөхөд бэрх.
-Ан, загасчлал миний хобби. Жинхэнэ эр хүний хийх ажил даа.
-Парист анх ирээд байр олох гээд чадахгүй удсан. Тэгээд байрлаж байсан зочид буудлаа худалдан авч, амьдардаг юм билүү гэж бодож байлаа.
- Үхсэн хойноо л хүн домог болдог гэж ярьдаг. Энэ нь буруу. Би бол амьд домог. Ямар ч гэсэн төрөлх Мальмедээ домог.
- Надгүй ДАШТ-д үзэх юм байхгүй.
- Надтай зэрэгцэх хүн гэвэл Мухаммед Али л юм даа. Тэр өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед нам цохино гэж хэлээд яг л гүйцэтгэдэг байсан.
-Яагаад надад хоч байдаггүй юм бэ гэж хүмүүс асуудаг. Намайг яаж тоглож байгааг хараад бүгд айдаг болохоор тэр.
- “Онцгой” Моуриньогийн багаас яагаад бид айх гэж. Манай багт “Цорын ганц” Ибра байгаа шүү дээ.
- Эйфелийн цамхгийг миний хөшөөгөөр сольсон цагт би Парист үлдэнэ гэдгээ хэлсэн.
- Зодог тайлсан хойноо би Бекхэм шиг зар сурталчилгаанд тоглохгүй. Хүмүүс намайг хөлбөмбөгч гэдгээр нь дурсан санаж яваг.
- Миний биен дээр танихгүй 50 хүний нэр бий. Дэлхийд 805 сая хүн өлсгөлөн байна. Тэдний ихэнх нь хүүхдүүд. Та нар намайг хараад тэдний тухай бодох болно. Би зовж зүдэрч байгаа бүх хүний нэрийг биен дээрээ шивүүлэхэд ч бэлэн байна.
Златан Ибрагимовичийн талаарх хошин яриа
Златаныг нэг удаа худлаа ярьж байгааг мэддэг аппаратаар шалгуулжээ. Аппарат буруугаа хүлээсэн байна.
Златан нэг удаа нэг туулайгаар хоёр сум алсан.
Марк Цукерберг “Facebook”-ийг дөнгөж байгуулаад нээж үзтэл Ибрагаас найзын хүсэлт хэдийнэ ирсэн байлаа.
Ибраг бага байхад нь эцэг эх нь түүнтэй хамт унтдаг байлаа. Гэхдээ айсан үедээ.
Златан “Мона Лиза”-г ширтэлцэх тоглоомоор хожсон.
Златан танай гэрт ирсэн бол та зочин боллоо гэсэн үг.
Златаны аавыг “Бага Златан” гэж нэрлэдэг.
Ибра төрөхдөө эх баригч нарт их тусалсан гэдэг.
Златаныг нэг удаа цагдаа нар зогсоожээ. Тэр цагдаа нарт анхааруулга өгөөд тараасан байна.
Ибраг сургуульд сурч байхад нь багш нар нь ярих зөвшөөрөл авахын тулд гараа өргөх ёстой байлаа.
Гар утсыг хамгийн анх зохион бүтээгээд турших гэж байхад Ибрагаас гурван удаа дуудлага ирчихсэн байсан гэдэг.
Нэг удаа Златан онгоцноос шүхрээр үсэрчээ. Гэвч шүхэр нь задарсангүй. Маргааш нь Златан эргэж ирээд мөнгөө буцаахыг шаардсан байна.
Златан нуугдаж тоглох үед Гүүгл ч түүнийг олж чаддаггүй.
Златан эцгээсээ өмнө “эр хүн” болсон.
Ибра хэзээ ч цаг зүүдэггүй. Хэдэн цаг болж байгааг тэр өөрөө шийддэг.
Златан татвар төлдөггүй. Харин татвар хурааж авдаг.
Златаны компьютерт Delete гэсэн товч байдаггүй. Учир нь тэр хэзээ ч алдаа гаргадаггүй.
Покемоны зурагтай картаар тоглоод Ибра покерын дэлхийн аварга болж байлаа.
Златан нэг удаа бэлтгэл дээр хоцорч иржээ. Дасгалжуулагч бусад тамирчдыг хэт эрт ирлээ гэж торгосон байна.
Златаны өдрийн тэмдэглэлийг “Гиннесийн ном” гэдэг.
Хүн төрөлхтөн гал гаргах арга олоод байж байхад Ибра хэдийнэ шорлог шараад сууж байлаа.
