ДАШТ-ий эхний тоглолтдоо Хорватыг ялж, тун сайн тоглосон Английн баг өчигдөр шөнө Ганатай 0:0 хуурай тэнцлээ. Цаг дуусахаас өмнө Английн багийн ахлагч Харри Кейн маш сайхан боломж алдсан. Ийм ойрхноос түүнийг алдаж байхыг та харж байсан уу? Үгүй л биз ээ. Тулааны өмнө Ганын бөө Нана Кваку Бонсам “Daily Star”-д ярилцлага өгөхдөө Кейнийг “янзалчихсан” гэдгээ хэлж байлаа.

Тэрээр “Би Харри Кейн дээр ажиллаж байгаа. Түүнийг зогсоохын тулд юу хийх ёстойг би мэднэ. Миний зөн, мэргэ дандаа таардгаараа алдартай. Би түүнийг хүнд гэмтээхийг хүсэхгүй байна. Зүгээр л түүнийг Ганын эсрэг юу ч хийж чадахгүй болгоно” гэсэн юм.
Бонсам бол шинэ үеийн бөө. Бөө мөргөлийг орчин үеийн шоу бизнестэй хослуулсан хүн. Бонсам гэдэг нь чөтгөр гэсэн утгатай нэр бөгөөд тэрээр өөрийгөө цорын ганц жинхэнэ африк хүн гэж үздэг. Төрөлх Ганадаа бол тэр супер од. Сүлжээ сүм хийд, үнэгүй бага сургууль, үхрийн аж ахуйгаас гадна маш олон машин, байшинтай. Эртний шүтлэгийг орчин үеийн болгон хөгжүүлж байгаа бөө.

Нана Кваку Бонсам төрөхдөө Стивен Осеи Менсой хэмээх нэртэй, 19 нас хүртлээ христийн шашинтан байлаа. 1992 оны сүүлээр осолд орж, хамаг бие нь түлэгдсэн. Энэ өдрөөс эхлээд түүний амьдрал өөрчлөгдсөн юм. Нана амьгүй зүйл, хүний биеийн хэсэг болон тодорхой шинж чанарт ид шидийн шинж чанар олгох фетишизмд орж, өөрийн бөө мөргөлийн гүрнийг байгуулж эхэлжээ. Нэг жил Нью-Йоркт амьдрахдаа хүмүүсийг яаж татах урлагийг эзэмшсэн байна. Тэр үйлдэл болгоноо шоу болгон хувиргаж чаддаг. Ганын сонгуульд өрсөлдөхдөө бусад өрсөлдөгчдөө бүгдийг нь авлигачид гэж хэлж байв. Лондоны их сургуулийн оюутан бүсгүйтэй гэрлэсэн. Тэдний хувийн амьдрал бол Ганад цуврал кино л гэсэн үг.

2014 онд Роналду ДАШТ-ий өмнө гэмтэхэд Бонсам түүнийг бөөгийн зан үйл хийж гэмтээсэн гэж ярьж байв. Португалын шигшээ Ганын багтай хэсгийн сүүлийн тоглолтод таараад байв. Тэрээр Роналдугийн зургийн өмнө “шидэт” нунтаг асгаад “Энэ гэмтлийг дэлхийн ямар ч эмч эдгээж чадахгүй. Хаана гэмтэлтэй байгааг ч олохгүй. Өнөөдөр өвдөг, маргааш гуя, нөгөөдөр өөр нэг эрхтэн гэмтэнэ” гэж байлаа. Гэвч Роналду эдгээд талбайд гарч, хожлын гоол оруулан, Португал Ганыг 2:1 буулган авч байлаа.
Роналду дээр бүтээгүй ид шид энэ удаад Харри Кейн дээр биеллээ гэж үү?
