Европын орнууд хэт халуунтай золгоод долоо хоног өнгөрлөө. Монголд нар үзэгдээд л буцсан бол энд өнгөрөх шинжгүй халаасаар л байна. Засгийн газрууд янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч байдал хүнд хэвээр.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европын иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулд учраад байна гэж мэдэгдсэн юм.

Халуунд хамгийн их нэрвэгдсэн улс бол Франц. Тус улсын 54 муж, хотод онцгой байдлын улаан түвшин зарлажээ. Зарим газарт 40 хэм хүрээд байна. Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню “Хэт халууны улмаас хүмүүс голын усанд орж, эндэх явдал нэмэгдэж байна. Зургаадугаар сарын 18-наас хойш 40 хүн живж амиа алдсаны ихэнх нь залуучууд байна” гэж анхаарууллаа. Энд сургууль, коллежийн хичээлийг хаасан. Хэт халж, хүмүүс сэрүүцүүлэгч хэрэгсэл ихээр ашигласнаар эрчим хүчний ачаалал үүсч, баруун хойд хэсэгт цахилгаан тасарч байгаа гэнэ.

Испанид дундаж хэм 28,17°C, зарим мужид 40 хэм халуун байгаа. Өмнөд Андалусид 44°C хүрсэн байна.

Италид халууны улмаас 5 хүн нас барсан. Ром, Турин, Милан зэрэг 17 хотод онцгой байдал зарласан. Барилгачид, хүргэлтийн ажилтнуудыг 12:30 - 16:00 цагийн хооронд ажиллахыг хоригложээ.

Их Британид 36,1°C халсан нь түүхэн рекорд гэнэ. Олон зуун сургуулийн хичээлийг зогсоож, эмнэлгүүд төлөвлөгөөт мянга гаруй хагалгаагаа хойшлуулжээ. Төмөр замын зам хэт халснаас галт тэрэгний хөдөлгөөнд саад учраад байна.

Цаг уурын албанаас мэдээлснээр ойрын өдрүүдэд Герман, Нидерланд, Бельги, Польшид халах болно. Германд иргэдээ усаа хэмнэхийг уриалж байна.












