UBLife Logo
Хөгжим

Жүжигчин Том Харди анхны рэп цомгоо гаргана

Жүжигчин Том Харди анхны рэп цомгоо гаргана

Холливудын жүжигчин Том Харди энэ удаад кино бус хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр болж, анхны рэп цомгоо гаргахаар бэлтгэж байна.

Venom, Mad Max: Fury Road, The Dark Knight Rises зэрэг бүтээлээрээ алдартай тэрээр АНУ-ын андерграунд хип хоп хамтлаг Czarface-тай хамтран "Czarface Meets Frankie Pulitzer" нэртэй цомог гаргахаа зарлажээ.

Том Харди энэхүү төслөө өөрийн рэп нэр болох Frankie Pulitzer (мөн Face Puller хэмээн танигддаг)-ийн нэрээр гаргаж байгаа юм.

Шинэ цомогт Wu-Tang Clan хамтлагийн гишүүн Inspectah Deck, продюсер 7L, реппер Esoteric нараас гадна Method Man, Busta Rhymes, El-O зэрэг нэр хүндтэй уран бүтээлчид оролцжээ.

Цомгийн эхний сингл болох "Brothers Grimm" зургаадугаар сарын 25-нд цацагдсан бөгөөд 1990-ээд оны сонгодог хип хоп өнгө аястай уг бүтээлд Inspectah Deck, Esoteric нарын дараа Том Харди өөрийн шүлгээ уншсан байна.

Олон хүний хувьд жүжигчний реп гараа одоо л эхэлж буй мэт санагдаж болох ч Том Харди хип хоптой олон жилийн өмнөөс холбоотой байжээ.

Тэрээр 2011 онд өгсөн ярилцлагадаа 15 настайдаа бичлэгийн компанитай гэрээ байгуулж байсан бөгөөд тухайн үедээ олон дуу бичүүлсэн ч албан ёсоор хэзээ ч гаргаагүй гэж ярьж байв. Харин 2018 онд түүний "Falling on Your Arse" нэртэй микстэйп цахим орчинд алдагдан тархаж байсан юм.

Мөн энэ нь түүний Czarface хамтлагтай хийж буй анхны хамтрал биш. Том Харди 2021 онд тус хамтлагийн "Good Guys, Bad Guys" EP-д Frankie Pulitzer нэрээр оролцож байсан бол түүнээс өмнө Method Man-тай хамтран "Knull & Void" дуунд мөн дуу хоолойгоо хүргэж байжээ.

Ийнхүү кино урлагийн од гэгддэг Том Харди энэ удаа хөгжмийн салбарт өөрийн олон жилийн сонирхлоо албан ёсоор үргэлжлүүлж, анхны бүрэн хэмжээний рэп цомгоо сонсогчдод хүргэхээр болж байна. Тус цомог 8 сарын 28-нд гарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...