UBLife Logo
Засгийн газар

Ерөнхий сайд Н.Учрал: “Оюу толгой”-н баялагаас өр зээлд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэлээ

Ерөнхий сайд Н.Учрал: “Оюу толгой”-н баялагаас өр зээлд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэлээ

“Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй өнөөдөр уулзсан. Уулзалтаар хэлэлцэж, шийдсэн асуудлын талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд “Оюу толгой”-н хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа.

Нэгдүгээрт, манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Оюу толгой” төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр эхний 100 хоногийнхоо босгон дээр “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар “Оюу толгой”-н баялагаас өр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж, 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна.

Хоёрдугаарт, “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа.

Гуравдугаарт, энэ жил бид “Оюу толгой”-гоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар “Рио тинто”-той ажиллахаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд “Оюу толгой”-н баялагаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

“Оюу толгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монгол төрийн наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан хөрөнгө оруулагч талд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

“Оюу толгой” бүлэг ордын нэг хэсэг “Онтрэ”-гийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өнөөдөр өгч байна.

“Оюу толгой” тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж, мэдлэг боловсролоороо даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн хэлэлцээрийн хамт олон, төрийн албан хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай, Монголын ард түмэнд илүү үр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэм гишүүддээ талархаж байна. Энэ бол монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон түүхэнд тод мөртэй үлдэх болно. Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...