Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Хон Мён-бо ДАШТ-ээс хасагдсаны дараа эх орондоо урьд өмнө байгаагүй хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр туллаа. Хэдхэн хоногийн дотор тэрээр ажлаа өгөөд зогсохгүй үхлийн заналхийлэл хүлээн авч, нисэх буудалд нь хүртэл тусгай хамгаалалт гаргах хэмжээнд хүрсэн юм.

Хон Мён Бо бол Солонгосын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй тоглогчдын нэг. Тэрээр 2002 оны ДАШТ-д шигшээ багаа түүхэн амжилтад хүргэсэн ахлагч байсан бөгөөд олон солонгос хүний хувьд үндэсний баатар гэж тооцогддог.

Гэвч дасгалжуулагчийн хувьд түүний замнал эсрэгээрээ өрнөв. Тэрээр 2014 оны ДАШТ-д ч шигшээ багийг хэсгээс гаргаж чадаагүй бол 2026 онд дахин ижил хувь тавилан давтагдаж, баг нь хэсгийн шатнаас хасагдсан юм. Үүний дараа Хон Мён Бо бүх хариуцлагыг өөр дээрээ авч, албан тушаалаасаа огцорсноо зарласан байна.

Яагаад хүмүүс ингэтлээ уурлав?
Энэ удаагийн бухимдал зөвхөн ДАШТ-ий үр дүнтэй холбоотой биш. Солонгосын хөгжөөн дэмжигчид Хон Мён Бог 2024 онд шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон үйл явцыг эхнээсээ ил тод бус, танил талын нөлөөтэй болсон гэж үзсээр иржээ. Томилгооны үеэр үндэсний багийн сонгон шалгаруулах хорооны зарим гишүүд хүртэл шийдвэр гаргах үйл явцаас хасагдсан гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ асуудал парламентын түвшинд хүртэл хэлэлцэгдэж байв.
ДАШТ-д бүтэлгүйтсэний дараа энэ бухимдал тэсэрч, олон хүн зөвхөн дасгалжуулагч бус Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо (KFA) бүхэлдээ шинэчлэгдэх ёстой гэж шаардаж эхэлжээ.

Үхлийн заналхийлэл ирэв
Хон Мён Бо огцорсны дараа нөхцөл байдал улам хурцадсан. Цахим орчинд түүнийг нисэх буудал дээр хөнөөнө гэсэн сүрдүүлэг нийтлэгдэж, цагдаа нар нийт 160 гаруй хамгаалалтын ажилтан дайчлан Инчоны нисэх буудалд өндөржүүлсэн хамгаалалт ажиллуулжээ. Цагдаа нар заналхийлэл бичсэн этгээдийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Солонгосын сошиал сүлжээгээр хамгийн их түгсэн зүйлсийн нэг нь "Хон Мён Бод үйлчлэхгүй", "Оруулахгүй" гэсэн бичигтэй дэлгүүрүүд байлаа.
Зарим ресторан, дэлгүүр үүдэндээ түүний нэрийг бичсэн хориглох самбар байрлуулсан зураг нийтэлж, бүр хотын автобусны цахим дэлгэц дээр хүртэл "Хон Мён Бог суулгахгүй" гэх мэт элэглэл тархсан байна.
Мөн нэмээд зурагтаар царайг нь хүртэл бүрсийлгэн гаргасан тохиолдол байна.
Ерөнхийлөгч хүртэл шүүмжлэв
Энэ асуудал улс төрийн хэмжээнд хүрч, шуугиан тариад байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён Хон Мён Бог "дасгалжуулах чадваргүй хүн" хэмээн хатуу шүүмжилж, хөлбөмбөгийн холбооны удирдлагын томилгоо, шийдвэр гаргах тогтолцоог бүхэлд нь шалгахыг шаардсан юм. Тэрээр чадвараас илүү танил тал, бүлэглэлийн ашиг сонирхлыг чухалчилсан удирдлагын тогтолцоо ийм үр дүнд хүргэсэн гэж мэдэгджээ.

Хэдийгээр Хон Мён Бо хамгийн их шүүмжлэл хүртэж байгаа ч олон хөгжөөн дэмжигч түүнийг ганцааранг нь буруутгах нь шударга биш гэж үзэж байна.
Ялангуяа Reddit болон Солонгосын цахим форумуудад "жинхэнэ асуудал бол KFA", "энэ бухимдал олон жилийн турш хуримтлагдсан" гэсэн байр суурь давамгайлж байгаа юм. Зарим нь ДАШТ-ийн бүтэлгүйтлийг холбооны буруу удирдлага, ил тод бус шийдвэрүүдийн үр дүн гэж үзэж байна.
Хон Мён Богийн тоглогчийн замнал Солонгосын хөлбөмбөгийн түүхэнд үргэлж хүндэтгэгдэн үлдэх нь гарцаагүй. Гэвч дасгалжуулагчийн хувьд түүний хоёр дахь удаагийн ДАШТ ийнхүү маш хүнд байдлаар дууслаа.
Одоо Солонгосын хөгжөөн дэмжигчид зөвхөн шинэ дасгалжуулагч бус, үндэсний шигшээ багийн удирдлагын тогтолцоог бүхэлд нь өөрчлөхийг шаардаж байгаа бөгөөд энэ нь тус улсын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том шинэчлэлийн эхлэл болж магадгүй байна.
