АНУ-ын Нью-Йорк хотод 2025 оны 10-р сарын 3-ны өдөр Алдарт хөгжмийн продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсын эцсийн шатны шүүх хурал болж, холбооны шүүхээс түүнд 4 жил 2 сар буюу нийт 50 сарын хорих ял оноолоо.


Комбс 2025 оны 7-р сард “Биеэ үнэлэхийг зохион байгуулж, муж хооронд тээвэрлэсэн” хэргээр буруутгагдсан бөгөөд түүндээ ял сонсоод буй. Харин түүнийг буруутгаад байсан илүү хүнд гэмт хэрэг болох “Зохион байгуулалттай гэмт хэрэг” болон “Хүн худалдаалах гэмт хэрэг” гэх зүйл ангиудаар цагаатгажээ. Эдгээр хэрэгт буруутай нь тогтоогдсон бол тэрээр бүх насаараа хоригдох ял хүртэх байв.
Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсан Нью-Йоркийн холбооны шүүгч Арун Субраманиан нь хохирогчдын мэдүүлгийг онцлон дурдсан бөгөөд, түүний хуучин найз бүсгүй Кассандра “Кэсси” Вентурагийн хүчирхийлэлд өртсөн тухай баримтыг тодотгож, үүнд хариуцлага тооцуулах нь чухал болохыг мэдэгджээ.

“Комбсын үйлдэл нь эмэгтэйчүүдэд онц ноцтой хохирол учруулсан. Тэр бол хүчирхийлэл үйлдэгч” хэмээн шүүгч тэмдэглэсэн байна.
Дидди хорих ял авсан ч өмнө нь нэг жил холбооны цагдан хорих байранд хоригдсон тул энэхүү хугацааг ялнаас хасах бөгөөд цаашид ойролцоогоор гурван жилийн ял үлдэж байна. Мөн шүүхээс 500,000 ам.долларын торгууль оногдуулж, суллагдсаны дараа таван жилийн турш хяналтад байх шийдвэрийг гаргажээ.
Шүүхийн танхимд Комбс сүүлчийн үгээ хэлэхдээ өөрийн үйлдлийг “бузар, ичгүүртэй” хэмээн нэрлэж уучлалт гуйсан ч, прокурорууд түүнийг жинхэнээсээ гэмшээгүй болохыг мэдэгджээ.
