UBLife Logo
Улс төр

Монгол, Гватемалын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол, Гватемалын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов.

Хэлэлцээний эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 20 жилийн хугацаанд хэрэгжиж буй Гватемал Улсын Гадаад хэргийн сайдын анхны албан ёсны айлчлал нь Монгол, Гватемалын харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж буй онцгой ач холбогдолтой үйл явдал болохыг онцлон тэмдэглэж, Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинезд талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс өөрийн "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж буйг онцлоод, энэ хүрээнд Бүгд Найрамдах Гватемал Улсыг Төв Америкийн бүс нутаг дахь түнш хэмээн өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез өөрийг нь болон дагалдан яваа төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Тэрбээр Гватемал Улс нь Азийн орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг зорьж байгааг онцлохын зэрэгцээ Монгол Улсад хавсран суух Элчин сайдаа томилсон нь хоёр талын харилцааг урагшлуулах Гватемал Улсын хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэв. Гватемал нь Монгол Улсаар дамжуулан Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Яриа хэлэлцээний үеэр талууд Улаанбаатар хотноо хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлэхийн сацуу худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ нотоллоо.

Тухайлбал, Монголын өсөн нэмэгдэж буй кофены зах зээл, Гватемалын дэлхийд танигдсан арабика кофены үйлдвэрлэл болон Монголын өндөр чанартай ноолуур, хөнгөн, нэхмэлийн салбарын хөгжлийн туршлагыг Гватемалын хурдацтай хөгжиж буй нэхмэлийн салбарт нэвтрүүлэх замаар Гватемалаар дамжуулан шинэ бүс нутаг, зах зээлд хүрэх, худалдаа, эдийн засгийн харилцан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хамтран эрэлхийлж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг бусад салбарт идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн бололцоо байгааг онцолж, цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан туршлага, сайн жишгийг Гватемалын талтай хуваалцах, цахим бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэх, гарааны бизнес, инновац, дижитал эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжиж ажиллах санал дэвшүүлэв. Монгол, Гватемал нь газарзүйн хувьд зайтай боловч цахим худалдааг хөгжүүлснээр харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн ярилцав. Азийн орнуудтай бий болгож чадсан Гватемалын эдийн засгийн, түүний дотор худалдааны хөнгөлөлтийн дэд бүтцийг түшиглэн хоёр талын болон гурвалсан харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр талууд тохиролцов.

Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хоорондын хэлхээ холбоог идэвхжүүлж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншил, Гватемал Улс эртний Майя соёл иргэншлийн өлгий нутаг бүхий орны хувьд баялаг түүх, өвөрмөц соёлын өвд тулгуурлан эрдэм шинжилгээ, археологи, түүх, соёлын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэмтэн, судлаачдын солилцоог хөгжүүлэхээр тохиролцлоо. Мөн аялал жуулчлалыг хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл болгон хөгжүүлэх хүрээнд Гватемал Улс Монголын “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үндэсний ялгарал, эерэг дүр төрхийг илэрхийлэх аялал жуулчлалын брэндийн туршлагаас суралцах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар "Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн яам хоорондын судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурав.

Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17), мөн "Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт"-д Гватемалын талыг өндөр түвшинд оролцохыг урив. Мөн Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум “ФЕАЛАК”-ын хүрээнд бүс нутаг хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...