UBLife Logo
Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА" -19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА" -19

ИСПАНИ-ПОРТУГАЛ 1:0

Хэдийгээр харахад тоглолт тийм өндөр хэмнэлтэй бус, хэн хэнээ цэнэсэн , алдааг нь отсон, зайг нь хүлээсэн тоглолт болж буй ч бидэнд харагдахгүй асар их сэтгэл зүйн дарамт, мэдрэгдэхгүй тулаан өрнөж байгаа.

Эхний үед Испаний Ойарзабаль, Баэна нарын аюултай довтолгоог Португалын хаалгач Диогу Кошта хаасан бол Нуну  Мендешийн хүчтэй цохилтоос Испанийг хаалганы хөндлөвч аврав. КР7 бас хоёр ч удаа хаалга довтлоод амжсан ч Испанийн хаалгач Унай Симон хаасан.

Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цаг дөнгөж эхэлж байх үед Испанийн сэлгээгээр талбайд гарсан Ферран Торресийн зүүний сүвэгч шиг зайгаар хийсэн дамжуулалтыг мөн л сэлгээгээр талбайд орсон Мерино оновчтой доод буланд цохиод "Ялагдашгүй Армада" шөвгийн наймд шалгарлаа.

Унай Симон хаалгандаа гоол алдалгүй 609 минут тоглон ДАШТ-ий бас нэгэн рекорд тогтоолоо.

Харин зургаан ДАШТ-д дараалан гоолдсон Криштиану Роналдугийн сүүлчийн дэлхийн аваргын ( мөн Португалын шигшээгийн) тоглолт нь энэ боллоо. Хоёр арваны турш дэлхийн хөлбөмбөгийн оргилд байсан нэгэн домог ийнхүү дахиад шигшээ багтаа тоглохгүй нь ээ.

КР7 агшин алдалгүй "крупный план"-аар харуулах асар олон камерны өмнө биеэ ихэд барьж, нулимсаа харуусалтайгаа хамт дотогшоогоо хийж байсан ч эцэст нь тэсэлгүй аньсгаа арчих тэр л агшинд энэ аугаа тоглогчид бүгд хүндлэл үзүүлж, алга ташиж байлаа.

Том тоглогчид, тод одууд, хэнд ч хүндлэгдэх домгуудын энэ агшин л хамгийн хэцүү байдаг даа.

Өчигдөр Неймар, өнөөдөр Криштиану Роналдуг дэлхийн аваргын ногоон зүлгэн дээр сүүлчийн удаа тоглохыг харлаа, гоё ч юм шиг , гунигтай ч юм шиг...

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...