Европын холбооноос том бренд, компаниудын борлогдоогүй гутал хувцсыг устгахыг хориглосон шийдвэр гаргажээ. Цаашдаа дэлгүүрээс буцаж ирсэн хувцсыг дахин ашиглах, эсвэл хандив, сайн үйлсэд зориулж байхаар болсон байна. Аюулгүй байдлын үүднээс дахин ашиглах боломжгүй, эвдэрсэн, урагдсан, бохирдсон хувцсыг л устгалд оруулж байх юм.
Германы бөөний худалдааны холбооноос мэдээлснээр энэхүү дүрэм хэрэглэгчдэд тустай гэнэ. Учир нь шинэ журмын ачаар үнэ буурах, хуучин хувцасны борлуулалт ч нэмэгдэх юм байна. Европын холбооны мэдээлснээр хуучин хувцас устгахад жилд 5,6 сая тонн CO₂ агаар мандалд цацагдаж байгаа нь 3 сая машины учруулдаг хохиролтой тэнцэж байгаа юм.
Германд жил болгон борлогдолгүй буцан ирсэн 17 сая хувцсыг устгалд оруулдаг бол Европ тивд жил бүр 600 мянган тонн шинэ ноосон хувцас хаягддаг гэжээ. Энэ нь байгаль орчинд нөлөөлөхөөс гадна маш их эрчим хүчийг үнэгүй зарцуулахад хүргэдэг байна.
