Хөлсний алуурчны талаар өгүүлэх болсон шалтгаан нь яг одоо дэлхийн кино театруудын дэлгэцээр “Сакамотогийн өдрүүд” хэмээх кино үзэгчдийг байлдан дагуулж байгаа явдал юм. Хөлсний алуурчин хүн зодог тайлж, амар тайван амьдарна гэдэг маш хэцүү. Буу, хутгаа далд хийгээд жижигхэн дэлгүүр, ресторан ажиллуулаад сууж байтал хуучны андууд нь олоод хүрээд ирнэ. “Сакамотогийн өдрүүд” кино ч адилхан. Энэ киног ижил нэртэй манганаас сэдэвлэн бүтээсэн юм. Ингээд Сакамототой адилхан зодог тайлах гээд бүтээгүй хэдэн алдарт алуурчныг дурсан санацгаая.
“Сакамотогийн өдрүүд” Sakamoto Days 2026
Таро Сакамото бол гэмт хэргийн ертөнцийн домог, хамгийн алдартай хөлсний алуурчин байлаа. Гэвч хайртай бүсгүйтэй болж, гэрлээд ажлаа орхино. Нэлээд таргалж, жижигхэн дэлгүүр ажиллуулаад амьдарч байлаа. Гэвч түүний хуучин ажлын андууд нь хөлсний алуурчин хүн духандаа сум зоолгосон цагтаа л зодог тайлж болно гэж үздэг хүмүүс. Гэр бүлийн бизнес, хайртай охиноо хамгаалахын тулд Сакамото тэдэнтэй тэмцэнэ. Гэхдээ эхнэртээ нэг ч хүн алахгүй гэж ам өгсөн тул жирийн үзэг, цаасаар л зодолдох юм.
“Жон Уик” John Wick 2014
Хайртай эхнэрийнхээ төлөө амгалан тайван амьдарч эхэлсэн Уик. Гэвч орос мафийн боссын хүү нохойг нь хөнөөж орхино. Үр дүнд нь хэдэн зуун цогцос, сүйрсэн мафийн бүлгүүд, буудалцаантай 4 анги кино гарсан гэж байгаа.
“Хэн ч биш” Nobody 2021
Сюжет. Хатч Мэнселл хог ангилж, цэвэрлэх ажилтай. Харахад жирийн нэг эр ч үнэндээ тэр алдартай алуурчин байсан юм. Гэрт нь жижиг гарын дээрэмчид орж ирэхэд Хатч тэвчээд өнгөрөөнө. Харин автобус дотор бүлэг этгээд дайрахад тэссэнгүй. Тэдний дотор нөлөөтэй мафийн боссын хамаатан байж таарчээ. Ингээд дайн эхэлнэ.
“The Equalizer” 2014
Цэргийн тагнуулын офицер Роберт Макколл өөрийгөө үхсэн мэт цуурхал тараагаад алга болж, жирийн нэгэн барилгын дэлгүүрт ажиллаж, ном уншин суудаг жирийн амьдралтай болсон байлаа. Гэвч түүний шинэ танил охиныг Оросын мафи зэрлэгээр зодсоныг тэвчиж чадсангүй. Тэр мафийг сөнөөсөн ч өөр дайснууд гарч ирсээр нэлээд хэдэн анги гарсан билээ.
“РЭД” RED 2010
Фрэнк Мозес бол ТТГ-ын хуучин ажилтан. Тэтгэвэртээ гараад тун тайван амьдарч байгаа ч нэг л уйтгартай. Харин энэ үед түүнийг устгахаар ТТГ-ын тусгай анги хүрч ирнэ. Дарга нар хуучин ажилтнуудаа устгахаар шийджээ. Мозес өөрийн адил хөгшчүүлээ цуглуулж, залууст хичээл заахаар шийднэ.
