Marvel Cinematic Universe (MCU)-ийн дараагийн томоохон дүрийн эзэн тодорлоо. Жүжигчин Райан Гослинг 2028 онд нээлтээ хийх "Ghost Rider" бие даасан кинонд гол дүрийг бүтээхээр албан ёсоор зарлагдаад байна.
Энэхүү мэдэгдлийг Марвел Студийн ерөнхийлөгч Кевин Файги АНУ-ын Сан Диего хотод болсон Comic-Con 2026 арга хэмжээний үеэр танилцуулсан бөгөөд тайзан дээр Райан Гослингийг урьж, үзэгчдийн алга ташилтын дор томоохон сюрпризийг дэлгэсэн юм.

“Би энэ дүрийг бүтээхийг маш удаан хугацаанд хүсэж ирсэн" хэмээн Гослинг тайзан дээр хэлжээ.
Киног Deadpool & Wolverine киног найруулсан Шон Леви найруулах бөгөөд тэрээр Райан Гослингтой саяхан Star Wars: Starfighter кинонд хамтран ажилласан юм. Тус кино 2027 онд гарахаар төлөвлөгдөөд буй.
Левигийн хэлснээр тэд "Star Wars" төслийн зураг авалтын үеэр Ghost Rider-ийн талаар ярилцаж эхэлсэн бөгөөд аажмаар санаагаа хөгжүүлсээр энэхүү төсөл бодит болсон аж.

"Райан энэ дүрийн талаарх өөрийн төсөөллөө ярьж эхлэхэд бид санаануудаа хөгжүүлсэн. Тэгээд би түүнд 'За, хамтдаа давхицгаая' гэж хэлсэн" хэмээн Леви тайзнаас ярьжээ.
Ghost Rider дүр өмнө нь Marvel Studios-ийн бүтээлд хараахан гарч байгаагүй. Харин 2007 онд Николас Кейж Ghost Rider-ийн дүрийг бүтээж байсан бол 2012 онд Ghost Rider: Spirit of Vengeance үргэлжлэлд дахин тоглосон юм.
Харин энэ удаагийн бүтээл нь Ghost Rider-ийг анх удаа Марвелын албан ёсны MCU ертөнцөд авчрах кино болж байна.
Сүүлийн хэдэн жилийн турш Райан Гослингийг MCU-д нэгдэнэ гэх цуурхал олонтаа гарч байсан бөгөөд тэрээр өөрөө ч Ghost Rider-ийн дүрд тоглох хүсэлтэйгээ өмнө нь илэрхийлж байжээ. "Ghost Rider" кино 2028 онд кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.


