UBLife Logo
Дэлхий

Япон дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Япон дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Өчигдөр Японд хүчтэй газар хөдөлж, хүний амь нас эрсдээд байна. Одоогийн байдлаар монгол хүн гамшигт өртсөн мэдээлэл гараагүй байна. Япон дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа.

“2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;

• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;

• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;

• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;

• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдож туслалцаа авах боломжтойг мэдэгдэж байна.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монголын ЭСЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...