UBLife Logo
Нийгэм

Хуурамч мэдээллийн эсрэг тэмцлээ эрх баригчид өөрсдөөсөө эхлэх ёстой

Ub.life
Ub.life
Хуурамч мэдээллийн эсрэг тэмцлээ эрх баригчид өөрсдөөсөө эхлэх ёстой

Их Британийн UCL их сургуулийн судлаач Г.Ганбатын манай редакцад ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна.

Хуурамч мэдээлэлтэй холбоотой түүний өмнөх ярилцлагыг эндээс уншаарай.


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан сошиал орчин дахь хяналт, хязгаарлалтыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл хийжээ. Тэрээр гадаад, дотоодын ашиг хонжоо хайсан этгээдүүд зохион байгуулалтай мэдээллийн кампанит ажлуудыг явуулж байгаа тул үүний эсрэг идэвхтэй арга хэмжээ авахаа дурджээ.  Бот хаягуудыг илрүүлэх, хортой контентыг устгах зэрэг олон ажил нэрлэсний зэрэгцээ иргэд сошиал медиад зөвхөн өөрийн мэдээллийг баталгаажуулан ганцхан хаягтай байхаар журамлана гэж мэдэгдэв. 

Анх сонсоход ариун гэгээн, хэчнээн сайхан. Дэлхий даяар төвөг учруулсан, урт хугацааны шийдэл хайж байна гэж хэдэн жилийн турш ярилцаж байгаа асуудлыг ердөө ингээд л шийдчих байж гэж бодмоор. Харамсалтай нь, бодит амьдрал дээр ингээд үндсэн асуудлыг илээд өнгөрч ч чадахгүй. 

Монголчуудын сошиал медиа хэрэглээ маш өндөр болсон нь үнэн. Хэвлэлийн хүрээлэнгээс 2025 онд орон нутаг, Улаанбаатар хотын янз бүрийн бүлгийг хамруулан судлахад оролцогчдын 84 хувь нь Фэйсбүүк тэдний мэдээллийн гол эх сурвалж болсон гэж хариулсан байдаг. Арван жилийн өмнөх ижил судалгааг харвал телевиз 86 хувьтай байсан бөгөөд энэ хугацаанд бидний мэдээллийн зан үйл огцом өөрчлөгджээ. Нэг платформд ингэж хэт төвлөрсөн нь мэдээж сайн зүйл биш. Ялангуяа дэлхий даяар өдрөөс өдөрт хэрэглэгчийн тоо нь буурч байгаа Фэйсбүүк платформ монголчуудын өдөр тутмын амьдарлын салшгүй хэсэг болж, албан ажил, хичээл сургалтын үйл ажиллагаагаа хүртэл тэнд хөтөлдөг болсныг засаж залруулах шаардлагатай гэдэгт сайдтай санал нийлнэ. Гэвч иргэдэд чиглэхээсээ урьтаж төр, эрх баригчид өөрөөсөө эхлэх шаардлагатай юм.

Хуурамч мэдээллийг олон сувгаар, их хэмжээгээр түгээж олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, хүссэн шийдвэрээ өөрсдөөр нь гаргуулах үндсэн зорилготой энэ ажиллагааг аюулгүй байдал судлалд эрчимтэй хэлэлцэх болсон когнитив дайны нэг гол бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн судалдаг. Хэрэглэгчдээ өөрсдийнх нь сонирхож буй сэдэв, үзэж буй агуулга, дэлгэцтэйгээ харилцаж буй зан төлөвөөр нь бүлэг үүсгэх, улам бүр өөрийн платформдоо уяхыг зорьсон сошиал медиагийн алгоритм, хүний сэтгэхүйн төөрөгдөл суурь нь болж дээр нь соёл уламжлал, нийтлэг айдас, нийгмийн сэтгэл зүйн эмзэг сул талыг нь онилсон зорилтот агуулга, түүнээ өдөөн түгээдэг тролл болон бот хаягууд энэ дайны зэвсэг мөнөөс мөн. 

Тролл, бот хаягуудаар олон нийтийг “тархидах” энэ технологийг эрх баригч МАН өөрөө гаргууд эзэмшсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэрхэн ашигласан, үүнтэй нь холбоотой нэр бүхий иргэд эрүүгийн хэрэгтэн болсныг Шүүхийн шийдвэрийн цахим сангаас харж болно. Үүнээс гадна эрх баригч намын эрх мэдэл булаалдсан хоёр улс төрч хэрхэн бие биеэ намнахаар төлбөртэй мэдээлэл түгээж, нийтэд ил байдаг Фэйсбүүкийн сурталчилгааны үйлчилгээнд л гэхэд ердөө хоёр сар гаруйхан хугацаанд 90 мянган доллар зарцуулсныг судалж баримтжуулсан нь ч бий. Ердөө ганц үйл явдлын үед эрх баригчид бие биеэ намнахад 90 мянган ам.долларыг ил мэдэгдэх баримт сэлттэй нь зарцуулсан байхад далд хэлбэрээр үүнээс хэд дахин их мөнгө эргэлдэж буй нь ойлгомжтой. 

Асуудал нь тэхээр иргэдэд байна уу, эрх мэдэл, мөнгөнд ойрхон бүлэгт байна уу?    Платформын алгоритм, гаднын нөлөө, зохион байгуулалттай дотоодын үйл ажиллагаа нөлөөлж байгаа. Гэхдээ асуудлаа эрх баригчид өөрсдөөсөө хайх хэрэгтэй юм.

Сайдын хэлсэнчлэн хүн бүрд албан ёсны нэг хаяг гэдгийг технологийн хувьд шийдээд, монголчууд бүгд иргэний үнэмлэхээ нотариатаар ч болов батлуулаад бүртгүүллээ гэж бодьё. Гэтэл сошиал медиа гэдэг нь зөвхөн Монголд зориулсан эд билүү? Монгол хэлээр бичээд орж ирэх гадаадын олон мянган бот, троллыг яаж зохицуулах билээ?  

Хүн бүр баталгаат нэг хаягтай болсны дараа Орвелийн алдарт 1984 зохиолд гардаг “Үнэний яам” байгуулж “бодлын цагдаа” ажиллуулаад “сэтгэхүйн гэмт хэрэгт” яллаад эхлэх үү? Өөрт нь таалагдаагүй бүхэн устаж зөвхөн өөрийнх нь таалалд нийцсэн бот, тролл үлдээд эрх баригчдын хүссэн мэдээлэл түгэх болбол яах вэ? 

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх үндсэн аргуудыг үндсэнд нь 5 ангилж болно. Эдгээрт хууль эрх зүй, боловсрол, улс төр болон засаглал, хувь хүний болон нийгмийн сэтгэл зүйн, технологийн арга хэрэгслүүд орно. Энэ таван хэлбэрийн арга хэрэгсэл бүр дангаараа асуудлыг шийдвэрлэхгүй, дээр нь арга бүр өөрийн давуу, сул талтай. Ялангуяа, хэрэглэгч нэг бүрээ нэр устай нь бүртгэж аваад хэн юу бичиж байгааг хянаснаар тулгарсан асуудлыг огт шийдэхгүйгээр барахгүй харин ч бүүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах, төрийн цензур тогтоох суурь нь болно. 

Мэдээллийн ийм үйл ажиллагаа технологийн хөгжлөө дагаад далайц, хурд нь нэмэгдсэнээс огт цоо шинэ зүйл биш. Хиймэл оюунаар юу хүссэнээ хормын дотор хялбархан хийлгэх боломжтой болж байгаа үед цаашид өөр шинэ хэлбэрээр ч үргэлжлэх бизээ. Томоор нэрлэвэл когнитив дайн, түүний нэг чухал бүрэлдэхүүн болох хуурамч мэдээллийн урсгал дунд бидний нийгэм хүссэн хүсээгүй амьдарна. Цочирдож, балмагдаж, эсвэл иргэдээ хянах замаар  хариу үйлдэл үзүүлэх нь үр дүнгүй. Оронд нь илүү нээлттэй, үнэн бөгөөд ил тод мэдээлэл харилцааг иргэд төрийн институц хооронд бий болгох, хэвлэл мэдээллийн салбараа итгэл даахуйц, хараат бус байдлаар хөгжүүлэх, өөрсдийн онцлог, үндэстнийхээ мөн чанарт тохирсон агуулгыг дэлгэрүүлэн, иргэдийнхээ мэдээллийн боловсролд анхаарах замаар урт хугацааны сөрөн тэсвэрлэх чадварыг болгохыг зорих хэрэгтэй юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...