UBLife Logo
Спорт

МЕССИГ Аргентины шигшээгийн өмсгөлтэй дахин харахгүй гэж үү?

МЕССИГ Аргентины шигшээгийн өмсгөлтэй дахин харахгүй гэж үү?

Аргентины шигшээ болон АНУ-ын "Интер Майами" багийн ахлагч Лионель Месси үндэсний шигшээ багтаа ахин тоглохгүй гэдгээ мэдэгдлээ. Месси "La Albiceleste" буюу Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд анх 2005 онд тоглосон бөгөөд 2026 оны ДАШТ-ий финал хамгийн сүүлчийн тоглолт болон үлдэх нь, шигшээдээ дахин тоглохгүй бол.

Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 207 удаа тоглож, 125 гоол оруулан, 2022 оны Дэлхийн аварга, 2014, 2026 оны дэлхийн АШТ-ий мөнгөн медаль хүртэж, "Копа Америка" (Өмнөд Америкийн АШТ)-д хоёронтоо түрүүлсэн юм, Лионель Андрес Месси Куччиттини.

Өдгөө 39 настай домогт хөлбөмбөгчин маань 2016 онд "Копа Америка"-ийн финалд хожигдсоны дараа мөн Аргентины шигшээгээс зодог тайлж буйгаа мэдэгдэж байсан ч удалгүй шигшээдээ эргэн ирж, түүнээс хойш Дэлхийн аварга, Өмнөд Америкийн хошой аварга болсон билээ.

Гэхдээ энэ удаа бол Месси "жинхэнээсээ" шигшээ багаасаа зодог тайлж буй гэж бүгд үзэж байна. Цаг хугацаа л бүгдийг харуулдаг болохоор цаашид хэрхэхийг хэн мэдлээ?! Дараагийн ДАШТ гэхэд Месси 43 настай  байна, мэдээж хэцүү.

Гэхдээ Роже Милла 42 настайдаа ДАШТ-д гоолдож л байсан. Мөн 2030 оны ДАШТ-ий нэг тоглолт Аргентинд болно. Эх орондоо, элэг нэгтнүүдийнхээ өмнө шигшээдээ дахин нэг тоглоод (заавал бүтэн тоглолт биш 5-10 минут) зодог тайлбал тээ?!

Дашрамд дурьдахад Криштиану Роналду ч 2030 онд төрөлх Португалдаа болох ДАШТ-ий үеэр зодог тайлбал бас л догь. Хорин жилийн турш харж, баяр баясгаланг мэдэрч буй хөлбөмбөг сонирхогчид маань хоёр домгийг эх орондоо болох ДАШТ-ий тоглолтод албан ёсоор "пүүзээ хананд өлгөхийг" нь харвал гоё оо?

За энэ ч яахав бодит боломжоос илүү хүсэл мөрөөдөл. Гэхдээ огт боломжгүй зүйл ч бас биш. Мессигийн ур чадвар, авьяас бөхөх болоогүй гэдгийг та бид энэ зун хангалттай харсан. Тэгээд ч Месси ДАШТ-д оруулсан 21 гоолынхоо 16-г нь 30 наснаасаа хойш оруулсан. Мөн аварга цолоо (шигшээгийн хувьд) 30-аас хойш насандаа хүртсэн дээ. Месси ДАШТ-ий 34 тоглолтод оролцож, 21 гоол оруулсан. Тэгвэл түүний 14 тоглолтыг нь , 11 гоолыг нь дэргэдээс нь харах аз тохиожээ, надад. Мөн Мессигийн тоглосон зургаан ДАШТ-ий дөрвөн ДАШТ-д тоглохыг нь харжээ. Сая л Мессиг шигшээ багаасаа зодог тайлах болсон мэдээллийн дараа түүний тоглолтуудыг , хэрхэн гоол хийж байсныг нь бодож, тооцоолж үзлээ.

Анх 2014 онд Бразилд болсон ДАШТ-ий үед Белу Оризонте хотноо багын найз, Аргентин, Мессигийн фэн Ж.Одхүүгийнхээ хамт Аргентин-Ираны тоглолтыг үзэж байсан маань санаанд тод үлдэж. Үндсэн цаг дууссан, шүүгчийн мэдлийн цаг дээр Месси гоол оруулж, Аргентин 1:0-ээр хожиж байж билээ.

Дараа нь 2018 оны ДАШТ-д Исланд, Хорваттай хийсэн тоглолтыг, 2022 онд Саудын Араб, Польш, Австрали, Нидерланд, Хорват, Францтай, энэ жил Австри, Кабо Верде, Египет, Англи, Испанитай хийсэн Месситэй Аргентинийг үзэж, бичиж байжээ.

Түүний 11 гоол оруулахыг , бас 11 метрийн цохилтоо алдахыг, хийхийг харж байлаа. Дэлхийн аваргын финалд хожихыг нь, бас хожигдоход нь дэргэд нь байж.

Би Мессигийн фэн биш ээ. Аргентины дэмжигч бүүр ч биш. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчийн хувьд Мессиг хүндэлж, хүлээн зөвшөөрч, сэтгүүлчийн хувьд түүний амжилтыг нь ч, алдааг нь ч бичиж явж. Хамгийн сүүлд ДАШТ-ий шилдгийг тодруулах олон улсын спортын сэтгүүлчдийн санал асуулгад Мессид саналаа өгч байв.

Мессиг Аргентины шигшээгийн өмсгөлтэй дахиад харахгүй, дараагийн ДАШТ-д Месси тоглохгүй гэхэд нэг л итгэж өгөхгүй байна, одоогоор.

Бурхнаас заяасан авьяастай хөлбөмбөгчдийг хаанахын хэн ч байсан ялгаагүй ногоон талбайдаа тоглож, ДАШТ-ийг чимж л байвал хөлбөмбөгт хайртай хэн ч байсан л сэтгэлийн цэнгэл эдэлдэг дээ. Аугаа тоглогчид, домгууд хэзээ нэгэн цагт зодог тайлдаг аа, маргахгүй. Гэхдээ тэд хөлбөмбөг сонирхогч, хөлбөмбөгт хайртай хүн бүхний зүрхэнд мөнхөд "хадаастай" үлддэг билээ л.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...