МСБХ-ны Хөгжлийн лигийн “Human Warriors баг” 2026–2027 оны улирлын Азийн легионер тоглогчоор Япон улсын тамирчин Хиромичи Иноүэтэй албан ёсоор гэрээ байгууллаа. 21 настай Хиромичи өнгөрсөн улирал “Kagoshima Rebnise” багт тоглосон бөгөөд 21 настай.
Токио хотын уугуул, 180 см өндөр, 75 кг жинтэй. Холбогч. АНУ-ын “St. Thomas More School” сургуулийн багт тоглож, сагсан бөмбөгийн эх оронд ур чадвар эзэмшсэн залуу. Аав нь Японы алдарт “Slam Dunk” хэмээх сагсан бөмбөгийн тухай мангаг зохиосон Такэхико Иноүэ гэдгээрээ ч хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан тамирчин.
Хиромичи 2024/2025 оны улиралд “Kagoshima” багт элсэж, B2 лигийн 3, хасагдах шатны 1 тоглолтод оролцсон. 2025/2026 онд мэргэжлийн гэрээ байгуулсан ч ганцхан тоглолтод оролцож, замналынхаа хэцүүхэн хэсгийг туулаад байлаа.
Ингээд шинэ сорилт хийхээр Монголыг зорих болсон юм. Иноүэ олон нийтийн сүлжээнд “Монголын лигт тоглохоор боллоо. Байнга талбайд гармаар байна, хүчтэй сайн тамирчин болмоор байна. Монголд заавал амжилт гаргана. Ийм хүсэл эрмэлзэлтэйгээр Японоо орхиж, гадаад улсад тоглохоор явлаа” гэж бичсэн байлаа. Түүний хамгийн гол хүсэл нь гараанд гарах.
Сүүлийн үед япон тамирчид Монголыг зорих нь нэмэгдэж байгаа. Энэ сарын 4-нд Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Чикара Танака “Western Warriors” багтай нэгдсэн билээ.

