Экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын ХАОС наадам гурав дахь удаагаа “Resurgence – A New Nomadic Spirit” сэдвийн дор 2026 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Энэ удаагийн наадамд 11 орны 17 уран бүтээлч оролцож, дэлхий дахинд өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, түүнтэй зэрэгцэн хувь хүн, нийгэм, соёлын түвшинд бий болж буй өөрчлөлт, шинэчлэл, дасан зохицлын асуудлыг экспериментал хөгжим болон дүрслэх урлагаар дамжуулан хөндөх юм. Наадмын хүрээнд орон зайн өрөг, мультимедиа арт үзэсгэлэн, үйл хөдлөл, дуу авиа, экспериментал хөгжмийн тоглолтууд зохион байгуулагдах бөгөөд дүрслэх урлагийн үзэсгэлэн Дарь-Эхэд байрлах 800 ам метр талбай бүхий “X0 Art Space”-д энэ сарын 26-наас аравдугаар сарын 4-ний хооронд дэлгэгдэж, амьд хөгжмийн тоглолт есдүгээр сарын 25-нд On’n Off Production танхимд болно.
Монголын уран бүтээлч Т.Энхболд, Л.Мөнгөнцэцэг нар даяаршил, хотжилт, технологийн дэвшлийн нөлөөгөөр монголчуудын оюун санаа, үзэл бодол, дадал зуршилд гарч буй өөрчлөлтүүд, байгаль дэлхийгээ дээдлэх өвөг дээдсийн гүн ухаан, амьдрах арга барил, нүүдлийн уламжлалт соёл энэ бүхнийг эсрэгцүүлэн оршихуйн мөн чанар, амьдралын үнэ цэнийн талаарх ээдрээтэй асуудлуудыг дэвшүүлсэн өрөг бүтээлүүдээ толилуулах бол Б.Инжинааш, Д.Доржханд нар хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, холимог соёл, сэтгэл зүй болон экологийн эмзэг асуудлыг хөндсөн дүрс, дуу авиан хамтарсан бүтээлээ дэлгэн үзүүлнэ.
Олон улсын уран бүтээлчдээс Этиоп-Англи гаралтай Тио Эшетугийн 2017 оны “Documenta” наадамд дэлгэгдэж байсан “Atlas Fractured” нүсэр хэжээний видео бүтээл, Филиппин гаралтай Дани уран бүтээлч Лилибэт Квинка, Австрийн Бэрнд Опл, Данийн Элизабет Молин нарын орон зайн мультимедиа бүтээлүүд, түүнчлэн Иран гаралтай Финланд уран бүтээлч Сэпидэх Рахаагийн “In Transition” хоёр сувагт видео, Иран гаралтай Голланд уран бүтээлч Араш Камали Сарвестани болон Иран гаралтай Америк уран бүтээлч Мехреган Пэзэшки нарын хамтарсан “Sediment” богино хэмжээний кино дэлгэгдэх юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн тусгай үйл ажиллагаа есдүгээр сарын 26-нд “X0 Art Space”-д болно. Нээлтийн үеэр Лилибэт Квинка, Т.Энхболд, Х.Дамдин, Финландын уран бүтээлч Тимо Вииалайнэн нар хамтарсан перформанс толилуулж, Турк гаралтай Голланд уран бүтээлч Эгэ Шахин дуу, авиан бүтээлээ хүргэнэ.
Амьд хөгжмийн хөтөлбөрт Францын Sacred Lodge, Италийн Сара Персико, Шведийн Томас Нордмарк нар оролцож, экспериментал хөгжмийн тоглолт хийх бол тайзны визуал амьд тоглолтыг Тайванийн уран бүтээлч Ван Чиен Чуан гүйцэтгэнэ.
ХАОС 2026 наадамд оролцож буй уран бүтээлчдийн бүтээлүүд нь улс орон доторх болон хил дамнасан шилжилт хөдөлгөөний шалтгаан, түүхэн улбаа, үр нөлөөг хувь хүн, нийгэм, соёл болон геополитикийн түвшинд авч үзсэн нийтлэг агуулгаар холбогдох юм.
Наадмын куратороор “ХАОС” наадмыг үүсгэн байгуулагч Т.Билгүүн, Б.Гантуяа, мөн Берлиний “CTM” олон улсын хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, уран сайхны захирал Ян Ролф нар ажиллаж байна. “Resurgence – A New Nomadic Spirit” төслийг Европын холбооны соёлын институтийн нэгдлийн Монгол дахь салбар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран хэрэгжүүлж, Улаанбаатар дахь Гёте-Институт, Монгол-Францын төв, Бээжинд байрлах Австрийн соёлын форум, Данийн соёлын институт, Финландын Элчин сайдын яам, Италийн соёлын институт, Нидерландын Элчин сайдын яам, Шведийн Элчин сайдын яам, Европын холбооны соёлын институтийн нэгдлийн кластер сан ерөнхий спонсороор ажилласан бол Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, “Степ Амюзмент”, “X0 Art Space”, “99999”, “Ой” төсөл зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.
EUNIC – Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл нь Европын Холбооны гишүүн болон холбогдох 39 орон, үндэсний соёлын байгууллагуудын хамтарсан сүлжээ бөгөөд Монгол дахь салбар нь хоёр талын соёлын харилцааг хөгжүүлж, бидний өмнө тулгараад буй нийгэм, байгаль орчны нийтлэг сорилтуудыг урлагаар дамжуулан хамтдаа шийдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагагаа явуулж байна.