“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно. Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөх юм. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Өнөөдөр баг тамирчдыг Тамирчдын хотхонд хүлээн авах ёслол боллоо. Азийн наадмын нээлтэд Монголын багийн тугчаар дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Энххүслэн нар жагсахаар болжээ.

Өнөөдрөөс Монголын баг тамирчдын тэмцээн эхэлж байна. Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг 9-р сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 15:00 цагаас Тайланд, Хятадын Тайвань, Киргизийн багуудтай тоглоно. Харин эрэгтэй шигшээ баг оролцохгүй.

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг C хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай нэг хэсэгт багтсан байна. Манай багийн эхний тоглолт 9 дүгээр сарын 18-нд болох бөгөөд тус тоглолтод Хятадын Тайванийн эсрэг өрсөлдөнө. Тоглолт Японы цагаар 13:00 цагт, Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхлэхээр товлогджээ. Үүний дараа Монголын баг энэ сарын 21-нд БНСУ, 22-нд Малайзын багтай хэсгийн шатны тоглолтоо хийнэ.
