Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2026 оны 10-р сарын 06-наас 2026 оны 10-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-6-нд шилжих шөнө Увсын хойд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд сумд, Архангайн зарим сумдын нутгаар, 8-нд Хөвсгөл, Хэнтийн хойд сумд, Завхан, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 9-нд Баян-Өлгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг бодит болон прогнозын агаарын температурын мэдээгээр интерполяцын аргыг ашиглан тооцоолоход Баян-Өлгий, Хөвсгөл, Архангайн нийт, Ховд, Завханы ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим нэг нутгаар 10 дугаар сарын сүүлээр, Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим нэг нутгаар 11 дүгээр сарын эхээр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нийт нутгаар 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш хөлдөх төлөвтэй байна.
