Онцгой байдлын Ерөнхий газраас малчид, иргэд, тээвэрчдэд зориулан, сэрэмжлүүлэг гаргалаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш (2026.10.09) баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
⚠️10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
⚠️11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар,
⚠️12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 10-р сарын 10-наас 2026 оны 10-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 09-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим, Завханы хойд сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв, Хэнтийн зарим, Завхан, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар, 12-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 13-нд Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...+2 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
