АНУ-ын Дээд шүүхээс Теннесси муж улсад 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлах шийдвэр гаргасан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. 30 жилийн өмнө 18 настай байхдаа ангийнхаа охины амь насыг бүрэлгэсэн Криста Пайкад үхлийн тариа хийн, цаазлахаар болсон. Ингээд есдүгээр сарын 30-нд орон нутгийн цагаар 20:26 цагт тариа хийсэн ч Криста нас барсангүй, амьсгалсан хэвээр байлаа. Өмгөөлөгч, гэрчийн этгээдүүдийн хэлснээр хоёр дахь пентобарбитал тарьсны дараа ч арваад минут хэртэй хэрэгтний хурхирч байгаа чимээ сонсогдсоор байсан гэнэ. Түүнийг түргэн тусламжийн тэргээр шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал хүнд байгаа. Эмч нар түүний биеэс пентобарбитал бодисыг гаргахаар ажиллаж байна.
Өмгөөлөгч Пайк Стивен Феррелл “Кристаг хиймэл амьсгалын аппаратад холбосон, эмч нар түүнийг амьдрах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би мэдээллийг эмч нараас шууд авахгүй байгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай харилцаж байна. Түүний өрөөг тусгайлан хамгаалж байгаа тул би түүнийг одоогийн байдлаар харж чадаагүй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Засгийн газар, шүүхээс 50 настай Пайкийг дахин цаазлах эсэх талаар ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Мөн яагаад цаазын ялыг гүйцэтгэж чадаагүй талаар тайлбар өгөөгүй хэвээр байна.
Өмгөөлөгч Пайк Стивен Феррелл “Криста амьд үлдэж магадгүй. Гэсэн ч тэр хэзээ ч бүрэн эдгэрэхгүй. Түүний тархи гэмтсэн байх магадлал өндөр. Теннесси мужийн амбан захирагчид хандан би цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар солихыг уриалсан. Тэр үхлийн тариа хийлгэн, маш их зовж, шаналсан. Криста шоронд 30 жил болохдоо ихэнх хугацааг ганц хүний камерт өнгөрөөсөн. Ямар их зовсныг нь хэн ч хэлж чадахгүй” гэж үйлчлүүлэгчээ хамгаалжээ.
Харин цаазын ялыг үзэхээр ирсэн хохирогчийн ээж Мэй Мартинес “Теннесси мужийн захиргаа надаас уучлал гуйх ёстой” гэж мэдэгдээд байна.
