UBLife Logo
Дэлхий

Эрхүүд гарсан өвчин үнэхээр тахал гэж үү?

Эрхүүд гарсан өвчин үнэхээр тахал гэж үү?

ОХУ-ын Эрхүү мужид тахал гарч, хөл хорио тогтоосон мэдээлэл цахим сүлжээг доргиож байна. Монголтой ойрхон, харилцаа холбоо нягт ийм газар тахал хэрэв гарсан бол манайд ч маш аймшигтай үр дагавар авчрах нь гарцаагүй. Хаагдсан эмнэлэгүүд, амиа алдсан ажилтан, цагаан хамгаалалтын өмсгөлтэй эмч нар, эмийн сангуудад антибиотик алга болсон, 200 хүн хатуу хорионд орсон гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр гарч, Эрхүү муж хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай өвчний өмнө өвдөг сөхрөв үү гэлтэй байлаа. Харин Оросын засгийн газрын байгууллагуудаас албан ёсны мэдэгдэл хийлгүй удсан, эцэст нь “Ямар ч тахал гараагүй” гэж зарласан билээ.

Эрхүү мужийн Шелехов хотод байрлах Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн хаалттай хаалганы цаана юу болов? Ямар ч аюулгүй юм бол яагаад ОХУ-ын Оросын ариун цэвэр, халдвар судлалын албаны том тушаалын хүмүүс Эрхүүд шуурхай нисэж ирэв? Иргэд итгэхгүй хэвээр. Учир нь шөнө дөлөөр түргэний тэрэг давхилдаж, хамгаалалтын хувцастай эмч нар хүмүүсийг ачаад байхаар яах юм болж байна?

Хэвлэлээр тарсан албан бус мэдээнд дурдсанаар есдүгээр сарын 25-нд Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан 28 настай эмэгтэй аюултай хортой нэгэн шилэн савыг санамсаргүй хагалжээ. Бие нь муудаж, 29-ний өдөр түүнийг Шелехов хотын эмнэлэгт хүргэсэн ч аравдугаар сарын 2-нд нас барсан байна. Тарваган тахал Эрхүүд тарсан мэдээ цахим сүлжээгээр тарж, ялангуяа Буриадын тэргүүн Алексей Цыденов тус эмэгтэйг тахлаар үхсэн байх магадлалтай гэж мэдэгдсэний дараа хүмүүс Эрхүүгээс зугтаж эхэлсэн байна.

Аравдугаар сарын 1-нээс Шелехов хотын эмнэлэг өвчтөн хүлээн авахаа больж, удалгүй Эрхүү хотод хэд хэдэн том эмнэлэг, сувиллын газарт хатуу хөл хорио тогтоосон нь иргэдийн сэжгийг улам төрүүлжээ. ОХУ-ын хот, мужийн тэргүүд иргэдээ Эрхүүд очихгүй байхыг уриалж байсан ч хэдэн цагийн дараа ямар нэгэн шахалтаар уриалгаа устгаж байв. Эрхүүгийн хөнгөн цагааны үйлдвэрт амны хаалтны дэглэм үйлчилж эхэллээ.

Энэ үед буюу аравдугаар сарын 4-нд Оросын ариун цэвэр, халдвар судлалын албанаас шалгалтын үр дүнг нийтэлж, лабораторид ямар ч осол болоогүй, нас барсан ажилтны онош нь “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж гарсан, хавьталтай тусгаарлагдсан 200 хүнээс хэд хэдэн ковид илэрсэн ч ямар ч тахал гараагүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Мөн хүрээлэнгийн ажилтнуудаас 10 хоногт ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй гэжээ.

Амиа алдсан ажилтан болох Дарьяа Шипилова Yersinia pestis бактер болон тарваган тахал байгаль дээр хэрхэн тардаг талаар судалдаг мэргэжилтэн байжээ. Yersinia pestis гэдэг нь тахал үүсгэдэг бактер. Байгаль дээр мэрэгч амьтдад илрэх бөгөөд бөөс зэрэг шавьжаар тарна. ДЭМБ-ын албан мэдээгээр 2019-2025 онд дэлхийд 3000 хүн тахлаар өвдсөнөөс 423 нь нас баржээ.

“Google Trends”-ийн судалгаанаас харахад “тахал” гэдэг үгийн хайлт Буриад, Эрхүүд хоёр дахин өссөн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Элдэв цуурхал биш Оросын ариун цэвэр, халдвар судлалын албаны мэдэгдэлд л итгэ” гэж иргэдэд уриалаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...