ОХУ-ын төдийгүй дэлхийн шилдэг хоккейчин Агуу Александр Овечкин энэ улирал тоглоод зодог тайлахаа зарлалаа. 41 настай түүний замнал төгсөх нь ойртож байгааг бүгд мэдэж байсан ч гунигтай. Түүний тогтоосон рекордыг дурдахад энэ нүүр хүрэхгүй билээ.
Овечкин хэвлэлийн бага хурал хийлгэж, хэвлэл мэдээллийн асуултад хариуллаа.
-Та яагаад зодог тайлах талаараа яг одоо мэдэгдэх болов?
-Улирал эхлээд бид талбай дээрээ эхний тоглолтоо хийнэ. Улирал эхлэхээс өмнө зарлахаар гэр бүлтэйгээ ярилцаад шийдсэн юм.
-Хэзээ ийм шийдвэрт хүрэв?
-Хэлэхэд хэцүү байна. Хоккей өөрчлөгдөж байна, залуу тоглогчид улам залуужаад байх юм. Баг маань ямар алхам хийснийг хараад би дахин нэг жил энд өнгөрөөхөөр шийдсэн.
-Одоо таны айлын талбайд очсон тоглолт бүр сүүлийнх байж болох боллоо. Багууд танд үдэлтийн ёслол хийсэн нь дээр үү? Эсвэл энэ нь тоглолтоос анхаарлыг тань холдуулах уу?
-Би багаа ялуулахын тулд тоглолтдоо л анхаарна. Бусад багууд ямар нэг ёслол яагаад хийж болохгүй гэж? Хүссэнээ л хийж болно. Би харин үүнд анхаарлаа хандуулахгүй.

-Яагаад зодог тайлах шийдвэрээ эхлээд багийн хамт олондоо хэлэв?
-Энэ чинь миний залуус шүү дээ. Тэд эхэлж мэдэх ёстой. Ямар ч тохиолдолд мэдээж гэр бүл хамгийн түрүүнд мэддэг. Дараа нь би хамт олондоо сүүлийн улирал гэдгээ хэлсэн.
-Энэ шийдвэрт хүрэхэд...
-Эхнэртэйгээ удаан ярилцсан. Мөн бие хаагаа сонсох ёстой. Би 20 настай залуу биш. Би хүүхдүүдтэйгээ тоглохыг хүсэж байна. Том болохоор нь хамтдаа хоккей, хөлбөмбөг, сагсан бөмбөг тогломоор байна. Энэ бүхнийг хийхэд эрүүл мэнд шаардлагатай.
-Одоо бие хаа тань хэр байна?
-Бүх юм зүгээр.
-Өнөөдөр аравдугаар сарын 5 бол таны НХЛ лигийн анхны тоглолтоо хийсэн ойн өдөр. 21 жилийн өмнө шүү дээ.
-Цаг хугацаа нисэж байна. Миний замнал хангалттай сайн байсан гэж бодож байгаа. Нисэлт, уналт бүгд л байлаа. Бидний гол зорилго Стэнлийн цомыг Вашингтонд авчрах байсан. Бид чадсан.
-Зодог тайлаад багтаа ямар нэг холбоотойгоор үлдэх үү?
-Яг одоогийнх шигээ л холбоотой байна. Энд миний анд найзууд бий. Цаашдаа яахыг харж байж больё.

-Сүүлийн улирлаасаа юу хүсэн хүлээж байна вэ?
-Зүгээр л сайн тоглож, аль болох их таашаал авах.
- Вашингтон хот таны хувьд ямар чухал болох талаар бодож амжсан уу?
-Би өнөөдөр л шийдвэрээ зарлалаа. Одоо надад маш олон захидал, дуудлага ирж байна. Миний хувьд маш хэцүү шийдвэр. Гэхдээ би ирээдүйгээ харах ёстой. Хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөж, эрүүл энх байж, эгэл жирийн зүйл хиймээр байна.
-Нийтийн өмнө зарласан болохоор “Сэтгүүлчид дахиж надаас цаашдаа яах гэж байна гэж асуухгүй” гэж сэтгэл амарч байгаа тал байна уу?
-Байгаа байгаа. 100 хувь. Сэтгүүлч та нарт ч амар шүү дээ.

-Хамгийн их санах зүйл?
-Багийн залуус, уур амьсгал, мэдээж хоккей.
-Танай багийнхан таныг шинэ залуу тамирчдад дасаж зохицоход нь үргэлж тусалдаг байсан гэж ярьдаг. Хийснээрээ бахархах сэтгэл төрж байна уу?
-Би Оли Колциг, Жефф Халперн, Крис Кларк, Дайнюс Зубрус нарын гараар хүмүүжсэн. Тэд надад маш их зйүл зааж, сургасан. Сурсан бүхнээ багтаа, залууст хүргэхийг хүссэн, зөв хийсэн гэж найдаж байна.
-Хөгжөөн дэмжигчиддээ хэлэх үг?
-Үргэлж дэмжиж байсанд баярлалаа. Та нар надад хайртай, би та нарт хайртай.
