Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин, мөн ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан /2026.10.06/ шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд чиглэл өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэв. 2026 оны есдүгээр сард Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсан. Энэ сарын 05-ны байдлаар хоёр аймгийн гурван суманд гурван голомт бүртгэгдсэн. 28 өрхийн 637 ямаа өвчилж, 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулжээ. Мөн арван аймгийн 13 байршилд хээлтүүлэгч мал нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Эрхүү мужид 200 гаруй хүнийг тусгаарласан. Казахстан, Узбекистан зэрэг улс хилийн хорио цээр, лабораторийн хяналтаа эрс сайжруулж байна. Улсын онцгой комисс төлөвлөгөө гаргаж шуурхай ажиллаж байна гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох ёстой. Годрон өвчний вакцин үйлдвэрлэх санхүүжилт болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлэх ёстой гэв.
