Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний 10 дахь өдөр өндөрлөж, 9 даваатай 2, 8 даваатай 4 бөх тэргүүлж байна. Монголын ёкозүна Хоошёорюү 5 даваа, 5 унаатай барилдаж байгаа. Өнөөдөр маэгашира Такэрүфүжитэй барилдахдаа тачиай дээр зайлж ялсан. Барилдааны дараа сэтгүүлчдэд “Өнөөдөр яаж ч байсан хамаагүй заавал ялахыг зорьсон” гэж хэлсэн юм.
Энэ башёд 50 хувийн амжилт үзүүлэхгүй байсан ч хамаагүй сүүлийн өдөр хүртэл барилдахаар залуу аварга шийджээ. Багшдаа “Юу ч тохиолдсон байсан энэ башёд сүүлийн өдөр хүртэл барилдана” гэж хэлсэн гэнэ.

Тацүнами ояката “Тэмцээний голоос гарахгүй гэж бодож байна. Ёкозүна өөрөө шийдэж, би ч гэсэн тэмцээнд гаргасных өнөөдрийн барилдаанд ялсан ч, ялагдсан ч барилдсаар байх болно. Сонин хэвлэлд гарч байгаа нийтлэл, эргэн тойрны хүмүүсийн бодол, ояката нарын сэтгэгдэл гээд дэмжсэн, эсвэл хатуу шүүмжилсэн ч бай эцсээ хүртэл барилдах нь манай Тацүнами дэвжээний онцлог. Үлдсэн бүх барилдаандаа ялах бодолтой дайр гэж хэлээд би барилдаанд үдэн гаргасан. Ялагдчихаад уурлаж, харамсаж байгаа нь улам хүчтэй болохын шинж” гэж хэлсэн байна.

Кинбоши тараалаа, дараалан ялагдлаа зэрэг янз бүрээр хэлэгдэж байгаа ч 27 настай залуу аварга энэ башёд эцсээ хүртэл үзэлцэхээр шийджээ. Тэрээр юу бодож, ямар дарамтад байгааг мэдэхгүй ч бөх сонирхогчид юу болохыг харан, дээлийн захыг нь мушгин суух үлдлээ.
