Австрийн домогт Сиси хатан хааны ордон хэмээн монголчуудын сайн мэдэх, Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, Венийн сонгодог хөгжмийн гайхамшгийг Улаанбаатарын үзэгчдэд толилуулах гэж байна.
Түүхийн хуудсыг сөхвөл, 1786 онд суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт Австрийн эзэн хаан II Иосефын хүсэлтээр Антонио Сальеритай хөгжмийн уралдаанд оролцож байсан газар нь Шёнбрунн ордны Оранжери танхим юм.
1754 онд баригдсан энэхүү түүхэн танхим эзэн хааны ёслол, хүлээн авалтын орчин байсаар иржээ. Хабсбургийн хаадын зуны өргөө байсан Шёнбрунн ордон, цэцэрлэгийн цогцолбор өнөөдөр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.
1997 онд байгуулагдсан Шёнбрунн ордны найрал хөгжим 2026 онд 10 мянга дахь тоглолтынхоо босгыг тэмдэглэхээр төлөвлөсөн нь тус ордны хөгжмийн уламжлалын цар хүрээг илтгэнэ. Харин энэ удаа Монголд Шёнбрунн ордны камер чуулгын хөгжимчид хүрэлцэн ирнэ.
Арванхоёрдугаар сарын 2, 3-ны үдэш болох “Венийн Гала Концерт”-оор Штраусын “Үзэсгэлэнт хөх Дунай”, “Хаврын дуу хоолой”, “Өмнөд нутгийн сарнай”, Легарын “Алт ба мөнгө” вальс болон “Радецкийн марш” зэрэг сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүд эгшиглэнэ.

Тоглолтын хамгийн онцгой хэсэг нь Венийн сонгодог хөгжим Монголын үндэсний язгуур урлагтай нэгэн тайзнаа уулзах явдал. Австрийн Шёнбрунн ордны чуулга “Түмэн Эх” чуулгатай хамтран, хоёр орны хөгжмийн уламжлалыг хослуулсан бүтээлүүдийг толилуулна.
Монгол дахь Австрид төгсөгчдийн “Эрдэм” холбооноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь “Хил хязгааргүй хөгжим” санаачилгын хүрээнд тасалбарын орлогын тодорхой хэсгийг Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор мэргэжлийн мастер класс сургалтад зориулна.
“Венийн Гала Концерт” 2026 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Түмэн Эх Өргөө”-нд болно. Үзэгчдийг 18:30 цагаас Австрийн уламжлалт шарсан каштан самар, дарсаар угтах юм байна.
Европын эзэн хаадын ордны хөгжмийн уур амьсгалыг Монголдоо мэдэрч, ирээдүйн авьяаслаг хөгжимчдийг хамтдаа дэмжицгээе!
Тасалбарыг эндээс худалдаж аваарай.