UBLife Logo
Спорт

Ваканофүжи Т.Бөхчулуун санданмэд түрүүллээ

Ваканофүжи Т.Бөхчулуун санданмэд түрүүллээ

Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна Т.Бөхчулуун буюу Ваканофүжи хүнд гэмтлийн дараа дохёнд эргэн ирээд санданмэ зиндаанд түрүүллээ. Хагас жил барилдалгүй гэмтлээ  эмчлүүлсэн манай бөх 7 даваатай, өвдөг шороодолгүй тэргүүлсэн юм.

Т.Бөхчулуун энэ жилийн нэгдүгээр сард мэргэжилд орж, макүшитагийн 60-аас барилдаж эхэлсэн. Эхний башёд 6:1 барилдаж, Хаврын тэмцээнд 7 даваатай макүшитад түрүүлсэн. Зуны тэмцээнд макүшитагийн зүүний 3 дээр гарч, жюүрёод дэвших нь гэж байтал 2 давахдаа эгэмээ хугалсан юм. Хагалгаанд орж, хоёр башё өнжөөд эргэн ирсэн Т.Бөхчулуун санданмэгийн барууны 29-д унасан байлаа.

Тэрээр санданмэгийн 14 дэх бөх Дэнүмаг ялж, долоо дахь даваагаа авсан. Барилдааны дараа сэтгүүлчдэд “Урт удаан хугацаанд барилдаагүй их хэцүү байсан. Аравдугаар сарын 18-нд эмч нар бэлтгэл хийж болно гэж хэлэхэд баярласандаа нулимс унасан. Буцаж ирээд түрүүлсэндээ их баяртай байна. Гэхдээ санданмэ бол миний байх газар биш. Банцүкэгээ дээшлүүлэх гэж хичээж барилдлаа. Ирэх жил гэмтэл бэртэлгүй бол дээд зиндаанд дэвшихийг зорилгоо болгоно. Хамаг хүч чадлаараа, үхэх сэхэхээ үзэлцэнэ гэж бодож байгаа” гэж ярьсан байна.

Т.Бөхчулуун 24 настай, 185 см өндөр, 132,5 кг жинтэй. Говь-Алтай аймгийн уугуул. Тэрээр Миторюү Б.Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн нарын дараа Монголоос төрсөн дөрөв дэх оюутны ёкозүна болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...