Японы Кюүшюүд мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Башёг тэргүүлэгчдийн эгнээнд Казахстаны Кинбозан 10 даваатай явж байгаа билээ. Тэрээр Казафүзаны дараах хоёр дахь казах сүмоч, дээд зиндаа, жюүрёод барилдсан анхны казах сүмоч гэдгээрээ онцлог.

Өчигдөр арав дахь даваагаа аваад Кинбозан “Энэ башёд гэмтэл бэртэл байхгүй, үнэхээр формтой байгаа. Тэмцээний дөрөв дэх өдөр дохён дээр хөл халтираагүй бол давах ёстой байлаа. Эзэн хааны цом өргөсөн Казахстаны анхны сүмоч болох зорилготой” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Кинбозан 2025 оны нэгдүгээр сарын башёд шинэ маэгашира байхдаа түрүүлэх тун дөхсөн. Халз барилдаанд Хоошёорюүд унаад үзүүрлэж байсан билээ.

Түүний жинхэнэ нэр нь Ерсин Балтагул. Кисэ дэвжээний бөх. Санданмэ зиндаанаас барилдаж, тавхан башёд сэкитори болсон.194 см өндөр, 181 кг жинтэй. 29 настай. Дуртай кино нь “Галзуу хурд”. Казахстаны Алматы хотын уугуул.

Казахстанд жүдо бөх барилдаж байсан Ерсин хүүг анх манай Асашёорюү аварга харж, мэргэжлийн сүмод урьсан түүхтэй. Тэрээр 18 настайдаа Японд ирж, их аваргын тусламжтайгаар их сургуульд элссэн. Ерсин Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд хагас шигшээд шалгарсан амжилтаар мэргэжилд санданмэгийн 100-гаас барилдах эрх авсан юм. Кисэ оякатагийн нутгийн Кинбозан хэмээх галт уулын нэрээр барилдах болсон.

Анх сүмо барилдаж байхад нь Казахстанд түүнийг мэддэггүй байсан бол одоо Ерөнхийлөгч Токаев хүлээн авч уулзах хүртлээ нэр хүнд нь өсчээ. Кинбозан “Манай улс чөлөөт бөх, жүдо, боксоороо алдартай. Казахстанаас залуус сүмо болохоор Японд ирээсэй гэж боддог. Казахстан улсын иргэний хувьд би Японд эх орноо нэр хүндтэй төлөөлөх болно. Аварга ч бай, жирийн бөх ч бай, бүгд хүн чанартай, даруу төлөв байх ёстой гэж би боддог. Би Казахстанд сүмо бөхийн сургууль нээхээр төлөвлөж байгаа” гэж хэлж байсан удаатай.

Сонирхолтой нь тэрээр мэргэжлийн сүмо бөхийн хоёр дахь исламын шашинт бөх. Эхнийх нь Египетийн Оосүнаараши байлаа. Исламын шашинтай тул архи уухгүй, гахайн мах идэхгүй. Тиймээс Кисэ дэвжээнд бөхчүүдийн чанко хоол бэлтгэхдээ Кинбозанд тусад нь хийдэг байна.
