UBLife Logo
Спорт

ФИФА-ийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-ийн “сэнтийд” хэн залрах вэ?

Манай гаригийн хамгийн хүчирхэг, хамгийн нөлөөтэй, бас хамгийн хэтэвч зузаантай спортын байгууллагын нэг болох ФИФА (Олон улсын хөлбөмбөгийн холбоо)-ийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 оны гуравдугаар сард болно. Энэ сонгуульд одоогийн ерөнхийлөгч Жанни Инфантинотой өрсөлдөх нэр дэвшигчид  ФИФА журам ёсоор 11 дүгээр сарын 18-ны дотор бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх, мөн нэр дэвшигч таван үндэсний холбооны дэмжлэгийг хүлээсэн байх ёстой.

Энэ хугацаа өчигдөр дууссан тул 2027 оны  гуравдугаар сард Мароккод болох сонгуульд өрсөлдөх гурван нэр дэвшигчийг ФИФА-гаас өнөөдөр албан ёсоор зарлалаа. Үүнд Жанни Инфантино ( Швейцарь, Итали, Ливаны иргэншилтэй), Филипп Диалло ( Франц), Козо Ташима ( Япон) нар.

Жанни Инфантино бол одоогийн ерөнхийлөгч гэдгийг бүгд мэдэж буй байх. УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоонд  ажиллаж байгаад 2016 онд ФИФА-ийн ээлжит бус чуулганаар Зепп Блаттерийн оронд ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2019, 2023 онд хоёр удаа өрсөлдөгчгүйгээр дахин сонгогдсон. 2027 оны сонгуулиар ч ганцаараа нэр дэвших магадлал маш өндөр байсан хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр "улаан хуудасны хэрэг", мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад олгосон  "ФИФА-ийн Энх тайвны  шагнал", хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийг Трампын хүргэн Жошуа Кушнер тэргүүтэй АНУ-ын бизнес, хөрөнгө оруулагчдад "наймаалах оролдлого" зэрэг олон асуудалтай холбогдож, үндэсний болон тивүүдийн холбоодын итгэлийг алдсанаар шинэ ерөнхийлөгчийн "эрэлд" хөлбөмбөгийн ертөнцийнхөн гарсан билээ.

Гэхдээ Жанни Инфантиног суудлаас нь буулгах тун амаргүй. Тэрбээр Өмнөд Америк, Африк, Азийн гишүүн холбоодоос хэрэгтэй саналаа цуглуулах итгэлтэй байгаа бөгөөд тэр тактикийн дагуу Африк, Азийн маш олон орны холбооны тэргүүнтэй биечлэн уулзаж, тохироогоо хийсээр байгаа. Хуульч мэргэжилтэй, 56 настай.

Филипп Диаллог УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо "зүтгүүлж" буй. 63 настай Диалло Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УЕФА-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Хуульч мэргэжилтэй.

68 настай Козо Ташима Японы хөлбөмбөгийн холбоог олон жил удирдсан (2016-2024), одоо хүндэт ерөнхийлөгч, мөн ФИФА-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.

Японы хөлбөмбөгийн холбоог өндөр  ёс зүйтэй, маш хариуцлагатай удирдаж байсан арга барил, туршлагаа ФИФА-д хэрэгжүүлэх зорилготой гэдгээ мэдэгдсэн. Японы алдартай Цүкүбагийн их сургуулийг спортын шинжлэх ухааны чиглэлээр төгссөн. Нөгөө хоёроо бодвол мэргэжлийн хөлбөмбөгийн клуб болон Японы шигшээ багт хүртэл тоглож явсан. Мөн Японы 17 ба 19 нас хүртэлх шигшээ багийг дасгалжуулж байсан ажээ.

2027 оны хоёрдугаар сарын 18 гэхэд ФИФА-ийн  сонгуулийн хороо гурван нэр дэвшигчийн сонгуульд нэр дэвших болзлыг нарийвчлан судалж, шалгаад эцэслэн батлах бөгөөд 2027 оны гуравдугаар сарын 18-нд Мароккод болох ФИФА-ийн 77 дугаар чуулганаар шинэ ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм.

Сонгуульд ФИФА-ийн гишүүн 211 орон тус бүр нэг саналын эрхтэй бөгөөд эхний шатанд нийт саналын 2/3 буюу 141 санал авсан нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулна. Хэрэв эхний шатанд 141 буюу түүнээс санал хэн нэг нь авч чадаагүй тохиолдолд хоёрдугаар шатны санал хураалт болох ба эхний шатанд хамгийн бага санал авсан нэр дэвшигч хасагдаж, үлдсэн хоёр нэр дэвшигч дээр санал хураана.

Энэ удаа ялагч болох нэр дэвшигч ердийн олонхийн саналыг (106) авсан байх ёстой.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...