Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Бэрх биш ээлтэй | Би юу ХҮСДЭГ бас ХҮСДЭГГҮЙ вэ?


Та гудамж талбай, үзвэр үйлчилгээний газар, автобусанд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй таарч байсан уу? Заримдаа хүмүүс бусдад туслахыг, тэднийг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсдэг ч яаж харьцахаа эсвэл тэдний юу хүсэж буйг мэддэггүйгээс хажуугаар нь чимээгүйхэн өнгөрдөг шүү дээ. Магадгүй бидний эргэн тойронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон биш, бэрхшээлтэй хүнтэй хамт сурч, ажиллаж үзээгүй болохоор энэ тухай ойлголт хомс байж мэдэх юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй, мөн тэдэнтэй хамт ажилладаг хүмүүс ингэж ярьж байна. 

Н.Тэмүүлэн | 27 настай | “Түгээмэл Хөгжил” ТББ-ын ажилтан

Би хоёр сарын өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад баяраа тэмдэглэхээр хоёр найзтайгаа нэгэн ресторанд орлоо. Гэтэл намайг захиалга өгтөл “Уучлаарай, танд үйлчлэх боломжгүй” гэсэн. Би гайхаад яагаад гэж асуухад эхлээд надад тийм хууль байдаг гэв. Ийм хууль байдаггүйг мэдэх учраас хуулиа надад харуулаач гэхэд манай байгууллага ийм дотоод журамтай гэж тайлбарласан. Тэгсэн хэрнээ дотоод журмаа ч бас надад харуулаагүй. Асран хамгаалагчтай явж буй тохиолдолд надад үйлчлэх боломжтой гэж рестораны ажилчид хэлсэн. Хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ асран хамгаалагчтай байна гэж заагаагүй байхад надад үйлчлэхгүй байгаа нь намайг бие даан шийдвэр гаргах чадамжгүй гэж харж буй хэрэг шүү дээ. Тэр рестораны ажилчид хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн болох, тэдний онцлог, ялгааны талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй байгаа нь анзаарагдсан. Ойр дотны хүн, найз нөхдийнх нь дунд хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаггүй учраас энэ талаар ойлголтгүй байгаа нь нэг талаар тэдний буруу биш л дээ.

Хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ асран хамгаалагчтай байна гэж заагаагүй байхад надад үйлчлэхгүй байгаа нь намайг бие даан шийдвэр гаргах чадамжгүй гэж харж буй хэрэг шүү дээ.

Миний бодлоор энэ ялгаварлал нь боловсролын тогтолцооноос улбаатай гэж хардаг. Анхаасаа боловсрол олгохдоо энгийн ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ялгаж, тусгаарлаж байгаа нь ялгаварлан гадуурхалтын  гол шалтгаан мөн боловсролын хоцрогдол үүсэх шалтгаан болж байна гэж бодож байна. 

Арван жилд саажилттай 20-оод хүүхэд надтай хамт сурч байсан. Саажилт нь хүнд, хөнгөн гэдгээрээ л бид хоорондоо ялгардаг. Сургуулиа төгсөөд 7 жил болоход тэднээс ердөө ганц, хоёрхон хүн л нийгмийн амьдралд оролцоотой байна. Үлдсэн нь нийгэмд гарахгүй, бусдад өөрийгөө илэрхийлж чадахгүй зүгээр л гэртээ дөрвөн хананы дунд чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад ийм байдал үүсэв гээд бодохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст эзэмшүүлж буй боловсрол нь хангалтгүй цаашид үргэлжлүүлэн суралцахад, ажил хөдөлмөр эрхлэхэд  хангалттай байж чаддаггүй. Бод л доо, хөгжлийн бэрхшээлтэй ихэнх хүүхдүүд тусгай сургуульд суралцдаг. Гэтэл тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр маш хөнгөн. Ердийн сургуулийн 3,4-р ангийн хичээлийг тусгай сургуулийн хүүхдүүд 8,9-р ангид үздэг. Хэрвээ тэр хүүхдүүд харьяа дүүргийнхээ энгийн ЕБС-д сурч бусадтай адил боловсрол эзэмшээд, өөрийгөө илэрхийлж, үеийнхээ хүүхдүүдтэй найзалж нөхөрлөөд арван жилээ төгссөн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй л байх байсан. Тийм болохоор юун түрүүнд боловсролын системийг хүндээ ээлтэй, ямар ч бэрхшээлтэй хүүхдийг сургаж чадахаар түвшинд хүрээсэй гэж хүсдэг. 

Би одоогоор “Түгээмэл хөгжил” ТББ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг боловсролд тэгш хамруулах чиглэлээр ажиллахын зэрэгцээ сургалт, семинар гэх мэт нөлөөллийн ажлууд хийдэг. Энэ байгууллагад гишүүнээр элсээд 10 орчим жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх хүний эрхэм зэрэг нандин чанар мөн хүн ямар эрхтэй. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн бусдын адил эрх тэгш ажиллаж, амьдрах бүрэн боломжтой байдгийг харсан.

Ердийн сургуулийн 3,4-р ангийн хичээлийг тусгай сургуулийн хүүхдүүд 8,9-р ангид үздэг. Хэрвээ тэр хүүхдүүд харьяа дүүргийнхээ сургууль сурч бусадтай адил боловсрол эзэмшээд, өөрийгөө илэрхийлж, үеийнхээ хүүхдүүдтэй найзалж нөхөрлөөд арван жилээ төгссөн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй л байх байсан.

Монгол Улс 2008 онд НҮБ-ийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид элсэж, 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг баталсан. Тус хуулийн 32-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх болон хувийн туслах үйлчилгээний талаар заасан байдаг. Энэ үйлчилгээг манай байгууллага Монголд анх удаа нэвтрүүлж, би хамгийн анхны оролцогч нь болж байлаа. Хувийн туслах үйлчилгээ нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй иргэний хийж чадахгүй үйлдэлд дэмжлэг үзүүлэх цагийн ажлын систем юм. Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зарц боол эсвэл гэрийн үйлчлэгч огтхон ч биш. Би уг үйлчилгээг аваад 6 жил болох гэж байна. Хэрвээ энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлээгүй байсан бол миний болоод бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал одоогийн энэ төвшинд хүрэхгүй илүү доор байх байсан.

Хэдийгээр эрүүл мэндийн байгууллага миний хөдөлмөрийн чадвар алдагдалтыг 80 хувь гэж тогтоосон ч энэ нь намайг ажиллах чадамжгүй гэсэн үг биш гэдгийг ажил олгогчид ойлгоосой гэж хүсдэг. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрлөхөд саад болж буй хуулийн энэ цоорхойг залруулах шаардлагатай. Учир нь ажил руу ирж, очих унаа нь хүртээмжтэй,зам талбай нийтийн барилга байгууламж нь бүх хүнд ээлтэй ажиллахад тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдсан, хувийн туслах үйлчилгээ нь албан ёсоор хэрэгжээд эхэлчихсэн байхад л би болон бусад хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адил эрх тэгш амьдарч, ажиллах бүрэн боломжтой болох юм. Тэгэхээр биднийг гадна харагдах байдал болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актаар битгий үнэлээч ээ. Тухайн хүнтэй нүүр тулж ярилцаад юу хийж чаддагийг нь тодорхойлж, түүнд тулгуурласан ажлын байр олгох нь илүү бодитой юм.

Э.Дэлгэрбаяр | 32 настай | Японы Цүкүба их сургуулийн магистрант, ICT группийн програм хөгжүүлэгч

Би багаасаа л техник технологид дуртай хүүхэд байсан. Бүр жаахан байхдаа сониучирхан кассет задлаад буцааж эвлүүлэн нааж үздэг байлаа. Тиймээс мэдээллийн технологийн салбарыг сонгосон. Дунд сургуулиа төгсөөд КТМС болон энэ чиглэлийн хэд хэдэн их сургуульд элсэх хүсэлтээ гарган, очиж уулзахад хараагүй хүн компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр сурах гэлээ гээд нүд нь орой дээрээ гарах шахсан. Тэгсэн ч шантралгүй Америкийн их дээд сургуульд элсэх зорилго тавиад англи хэлээ сайжрууллаа. Удалгүй Японд суралцах боломж олдож, энд ирсэн дээ. 

Намайг дунд сургуульд сурч байхад зөвхөн дөрөвдүгээр анги хүртэлх л сурах бичгүүд баррелиар байдаг байлаа. Цагаан толгой гэхэд л бүр 1964 онд хэвлэгдсэн, унших бичгийн ном нь 1981 оных байдаг байлаа шүү дээ. Тийм хүнд япон хэлний баррель номыг сургуулиас илгээсэн нь үгээр илэрхийлэмгүй сайхан санагдсан хэрэг.

Японд суралцах болоод бэлдэж байхад надад сургуулиас маань Япон хэлний баррель сурах бичгийг явуулахад их сайхан сэтгэгдэл төрж билээ. Бусад хүмүүсийн хувьд энэ нь тийм ч сүйдтэй санагдахгүй байх л даа. Бидний хувьд брайль ном сурах бичиг олдоц муутай тул сурахад багагүй бэрхшээл тулгардаг. Намайг дунд сургуульд сурч байхад зөвхөн дөрөвдүгээр анги хүртэлх л сурах бичгүүд брайлиар байдаг байлаа. Цагаан толгой гэхэд л бүр 1964 онд хэвлэгдсэн, унших бичгийн ном нь 1981 оных байдаг байлаа шүү дээ. Тэгээд 4-р ангиас хойш бол сул хараатай хүүхдүүдээрээ, эсвэл ойр дотныхноороо ном уншуулж түүнийг нь тэмдэглэн авах байдлаар суралцана. Брайль үсгийг цаас цоолборлон бичдэг тул маш их хүч гаргаж бичих шаардлагатай болдог. Дунд сургуульд ном хуулж бичихэд л хамаг цагаа зарцуулдаг байлаа. Тийм хүнд япон хэлний баррелийг сургууль нь илгээсэн нь үгээр илэрхийлэмгүй сайхан санагдсан хэрэг.

Монголчууд харааны бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцахаа мэддэггүйгээс тэр бүр тусалж чаддаггүй юм болов уу гэж би боддог юм. Японд бүр дунд сургуулийн хичээлд энэ талаар заадаг л даа. Нэг өдөр тэргэнцэртэй хүмүүстэй хэрхэн харилцах вэ, гудамжинд таарвал яаж туслах вэ гэдгийг бодит жишээгээр биечлэн үзүүлдэг. Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүмүүст яаж туслахыг заахдаа нэг хүүхдийн нүдийг боогоод найзаар нь хөтлүүлэн замчлуулдаг юм билээ. Хүүхдүүд багаасаа энэ талаар мэдлэг, ойлголттой болчихсон байдаг учраас Японд гудамжаар явахад хүндрэл гардаггүй. Монголчууд маань их найрсаг, тусархуу л даа. Монголд байх хугацаанд гудамжаар явж байх 100 тохиолдлын талд нь хүмүүс ирж тусалдаг гэж хэлж болно. Их сургуульд ч ийм хичээл ордог. 

Харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломж зөндөө бий л дээ. Жолооны дүрэмд хүртэл харааны бэрхшээлтэй иргэд зам гарахаар таягаа өргөвөл жолооч нар зогсож, зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ нь амьдралд тэр бүр хэрэгждэггүй. Бас энэ талаар мэдээлэл байдаггүйтэй холбоотой болов уу. Тээврийн цагдаагийн газраас энэ талаар “Цагаан таяг” аян зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилбал гурван сарын дотор л тодорхой үр дүн гарах байх. 

Хүмүүс буян үйлдэж байна гээд янз бүрийн шашны зан үйл хийдэг дээ. Шоргоолж хооллож, модонд хаяг уяхаас илүү хараагүй хүнийг хүрэх газарт нь замчлаад хүргээд өгвөл жинхэнэ буян болох болов уу.

Японд намайг нэг оюутан хүргэж өгөхөд нь бид зам зуур ярилцаж байсан юм. Гэтэл тэр оюутан хөгжлийн бэрхшээлийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг байсан. Дунд сургуульд ордог хичээлийнхээ ачаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ойлголттой болж, тэр үеэс л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ажилладаг хүн болно гэсэн бодол тээж яваагаа хуваалцсан. Тэгэхээр системийн жаахан өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгэм бүрдүүлэхэд маш том түлхэц болдог байгаа биз. 

Би өөрийн чадах хэрээр л энэ талаарх мэдээллийг хүмүүст хүргэхийг хүсдэг. Тиймээс ч харааны бэрхшээлтэй хүмүүсийн талаар блог хөтөлдөг байлаа. 

Гудамжинд хараагүй хүнтэй таарвал ичиж нэрэлхэх, эсвэл тухайн хүн ямар ааш араншин гаргах бол гэж айж эмээлгүйгээр “Танд тусламж хэрэгтэй юу” гэж асуугаад, зам дагуу бол хүрэх газарт нь дөхүүлээд өгчихдөг байгаасай гэж хүсдэг. Энэ бол бодит тус юм. Хүмүүс буян үйлдэж байна гээд янз бүрийн шашны зан үйл хийдэг дээ. Шоргоолж хооллож, модонд хаяг уяхаас илүү хараагүй хүнийг хүрэх газарт нь замчлаад хүргээд өгвөл жинхэнэ буян болох болов уу. 

Б.Оюунтөгс | 40 настай | Англи хэлний орчуулагч

Би 90 хувийн харааны алдагдалтай. Мэргэжил маань Англи хэлний орчуулагч. Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж АНУ-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлтийн зөвлөх" мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 

Миний ажигласнаар, хөгжлийн бэрхшээлтэй хүний өмнөөс ажлыг нь хийж өгөх, бэлэн мөнгө сарвайх нь хүмүүст илүү амар байдаг. Загас барих аргыг заах нь бэлэн загас өгөхөөс хэцүү л дээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй тулж харьцаад, сургаж, уйгагүй хамтарч ажиллах нь тухайн байгууллагын урт хугацааны тогтвортой үйл ажилллагаанд чухал нөлөөтэй гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй учраас өрөвдөөд эсвэл Монгол Улсын хуулийг дагаж мөрдөхийн төлөө албан шаардлагаар тухайн хүнийг ажилд авч, сул цалин өгч болохгүй. Манай байгууллага гэхэд л бүх ажилчиддаа адилхан шаардлага тавьдаг. Байгууллагынхаа нэр төрийг эрхэмлэдэг, тогтоосон алсын хараа, үнэт зүйл, соёлдоо үнэнч, хэрэгжүүлэхийн төлөө хичээдэг хамт олон ялгаатай байдал болон тэгш оролцох боломжийг хангаж өгдөг юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй учраас өрөвдөөд эсвэл Монгол Улсын хуулийг дагаж мөрдөхийн төлөө албан шаардлагаар тухайн хүнийг ажилд авч, сул цалин өгч болохгүй. Манай байгууллага гэхэд л бүх ажилчиддаа адилхан шаардлага тавьдаг.

Тэрнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн харилцаанд тэр бүр оролцож чаддаггүй. Би л гэхэд өдөрт 5-30 минут байрныхаа ойрмогхон л агаарт гардаг юм. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэрхшээлтэй. Зарлахгүй учир ямар чиглэлийн автобус ирж байгаа нь мэдэгдэхгүй. Автобусанд суулаа ч буугаад замаа олоход бэрх. Тэр болгонд такси бариад явах боломжгүй. Байнга л намайг зөөгөөд гэр бүлийн маань хэн нэгэн хамт явах ёстой болно. Япон улс энэ асуудлыг шийдэхийн тулд таксины ваучер өгдөг юм билээ. Миний магистраа хамгаалсан АНУ-д тусгай үйлчилгээний автобус явуулдаг, бас таксины ваучер ч өгдөг. Ваучерийг тодорхой хяналтын дор олгоно л доо. Энэ мэт шалтгаанаас үүдээд сургалт, семинар, үйл ажиллагаанд оролцож, өөрийн сурсан мэдсэнээ түгээхэд хязгаарлагдмал байдаг.

Охин маань одоо ой зургаан сартай. Ээжийнхээ хараагүй байдлаас болоод нийгмийн таагүй хандлага, гадуурхалд өртөж сэтгэлийн гэмтэл авах вий гэхээс сэтгэлээ чилээдэг. Мөн ээж хүний хувьд санхүүгийн хэрэгцээгээ хангах хөдөлмөр эрхлэлтийн чадамжаа алдчих вий гэхээс маш их айдаг. Хүссэн зүйлээ хийж нийгэмд байр суурьтай байхыг хичээж л байна. Хүнийг гадаад үзэмжээр нь урьдчилан дүгнэдэг хандлагаас ангид амьдрах сан. Ажиллахын тулд гэрийнхнээ ядартал нь хүүхдээ асруулж байгаа. Уг нь дотны хүмүүстээ дарамт бололгүйгээр биеэ дааж амьдрах хүсэл бий. 

"Ковид-19" Монголд анх бүртгэгдээд нийгэм айдаст автчихсан байсан үе л дээ. Ширүүн бороонд шалба норчихсон зам гарч чадахгүй зогсоход маань надад хэн ч туслаагүй. Тахал л хүмүүсийг ийм болгож дээ гэж бодоод л өнгөрсөн. Хүмүүс туслахдаа таягтай гараас маань өргөчихдөг. Тэр агшинд таяг газраас хөндийрөөд аюулгүй байдал долоон дор болдог юм. Тэгэхээр хараагүй хүнд туслах гэж байгаа бол таягтай гараас нь битгий өргөж байгаарай гэж захимаар байна. 

Д.Сүх-Эрдэнэ | 25 настай | Хувийн туслах ажилтан

Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх “Хувийн туслах” үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан хийж чадахгүй зүйлсэд туслах, дэмжих, нийгмийн амьдралд оролцох, хөдөлмөр эрхлэхэд нь тусалдаг гэсэн үг. Хувийн туслах болоод гурван жил хагас болж байна. Энэ ажлыг хийхэд тулгардаг гол асуудал бол хүртээмж юм. Хүмүүсийг гадуур түрээд явахад шат, довжоо, зам талбай гэх мэт орчны саад ихтэй. Автобусанд сууя гэсэн ч үнэхээр бэрхшээлтэй. Цахилгаан шатгүй байшингийн таван давхарт гэртэй, гадаа гарахад шат, саад ихтэй, өөрөө явах ямар ч боломжгүй нөхцөлд амьдардаг олон хүн бий. Ийм тохиолдолд заавал бусдаас тусламж гуйх хэрэг гарна. 

Хувийн туслах ажилтан болсноос хойш сэтгэл хөдөлгөм бас эмзэглэм үйл явдлуудтай олон таарч байсан. “Би хүүхдийнхээ эцэг эхийн хуралд нэг ч удаа очиж байгаагүй. Тэмцээнийг нь биеэр үзэх боломж огт гарч байсангүй. Хувийн туслах ажилтны үйлчилгээг авснаасаа хойш энэ бүхэн боломжтой болсонд үнэхээр баяртай байна” гэж надад хэлэхэд хийдэг ажлаараа бахархах сэтгэл төрсөн. Бидний хувьд энгийн л санагдах олон зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хязгаарлагдмал байдаг. Заримдаа бид цааргалаад, боломж байхад хүртэл оролцдоггүй тэр үйл явдлууд зарим хүнд маш нандин, гайхалтай боломж, цаг мөч байдаг. 

“Би хүүхдийнхээ эцэг эхийн хуралд нэг ч удаа очиж байгаагүй. Тэмцээнийг нь биеэр үзэх боломж огт гарч байсангүй. Хувийн туслах ажилтны үйлчилгээг авснаасаа хойш энэ бүхэн боломжтой болсонд үнэхээр баяртай байна” гэж надад хэлэхэд хийдэг ажлаараа бахархах сэтгэл төрсөн.

Манай байгууллагад хүмүүс хүссэн цагтаа ирээд сайн дурын ажил хийж болдог. Нэг өдрийн сургалтад суугаад олон төрлийн үйл ажиллагаанд туслах боломжтой. Гэхдээ сайн дурын ажилчид хувийн туслах үйлчилгээнд явах боломжгүй л дээ. Учир нь энэ бол олон удаагийн туршлага шаарддаг, хариуцлагатай ажил юм. Гэхдээ хүмүүс боломжоороо сайн дурын ажилд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгмийг бүтээхэд гар бие оролцоосой гэж хүсдэг. Хүнийг хүн гэдэг утгаар нь харж байгаасай, энэ хүн бусдын адил сурч боловсорч, ажил хөдөлмөр хийх эрхтэй шүү гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, нийгмийг бий болгож, хувийн туслах үйлчилгээг улам нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR MAXWELL 2023.01.23 105.112.182.8

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органууд бидэнтэй цахим шуудангаар болон шууд холбогдоно уу. Имэйл: [email protected] Ямар програмын дугаар:+31648670212 Telegram: +35795537941 Viber: +31648670212 Хүндэтгэсэн Доктор MAXWELL. CH. (АДМИН) УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.

0 Хариулах


Dr. louis 2022.08.01 31.210.96.73

Та бөөрөө зармаар байна уу? Тэгвэл өнөөдөр [email protected] хаягаар бидэнтэй холбогдоно уу, бид танд бөөрөнд тань сайн үнэ санал болгох болно, учир нь бидэнд бөөр яаралтай авах шаардлагатай байгаа тул манай эмнэлэгт эсвэл whatsapp +60176359983 Имэйл: [email protected] WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 usd

0 Хариулах


Зочин 2021.11.24 192.82.78.122

gue tgd ene suuld n durdagdsan baiguullaginhaa talaar medeelel uldeej boloogumu? nuugaad bgaamuu

0 Хариулах