Заримдаа ямар кино үзэхээ шийдэж чадахгүй хайсаар, кинонуудын трейлер үзсээр байгаад унтчихдаг уу? Таалагдах эсэх нь тодорхойгүй шинэ цуврал эхлүүлж, дуусгаж чадалгүй хаяхын оронд сэтгэлд хоногшсон хуучны бүтээлүүдээ монгол дуу оруулгатайгаар дахин нэг үзэж, дурсамжаа сэргээвэл ямар вэ?
Чамайг 2000-аад он руу эргэн аваачих 5 цувралыг бид санал болгож байна. Дашрамд, эдгээр цувралыг үзэхийг хүсвэл Юнивишнийн Ази, ХИТ, Холливуд багцуудаас сонгон идэвхжүүлээрэй.

Бригада (2002)
Дотно нөхөрлөж өссөн дөрвөн найз Оросын гэмт хэргийн ертөнцөд байр сууриа олох явцад ямархуу сорилттой нүүр тулж буйг харуулсан бүтээл. Бригада киноны аяыг 3310 утасныхаа дуудлагын аян дээр тавьж байсан хүмүүс хэр олон байна? Эхлэл хэсгийн аянаас авахуулаад сэтгэл догдлуулж, дурсамж сэргээдэг хэсгүүд олон. Саша шархдахад дөрвүүлээ тойрч зогсоод андгайлдаг хэсэг, Валерий машинаас гарч чадалгүй дэлбэрэлтэд өртөхөд, Саша шоронгоос гараад хүүтэй болсноо мэдэхэд, Зөгий, Космос, Шмит гурваар булшны нүх ухуулдаг хэсэг, Валерий ухаан ороход, Саша найзуудаа алагдсанаа мэддэг сүүлийн анги гээд тоочвол тоймгүй.
Юу нь хамгийн гоё вэ: Орчин цагийн компьютер график, CGI-аар “нүдчихсэн” супер баатруудтай Холливудын кино, төсөөллөөс давсан романтик ази бүтээлүүдтэй харьцуулахад үйл явдал нь бодитой, үзэгчдэд төрүүлдэг мэдрэмж нь үнэн бөгөөд хүчтэй.

All In (2003)
Монголчууд одоо болтол киноны гол дүрд тоглосон жүжигчдийг Ким Ин-ха, Мин Сү Ёон гэж дууддаг гэж бодохоор үзэгчдийн сэтгэлд хэр их хоногшсон бүтээл болох нь ойлгомжтой. “Гурван марал од”, “Амьдралын Ээдрээ” гэж хэлэнгүүт манай хоёрын хамт амьдарна гэж ярьдаг далайн эргийн байшин, эгшигт хайрцаг, покер, казино санаанд буудаг даа. Ин-ха, Сү Ёон хоёрын ээдрээтэй хайр сэтгэл, киноны дуутайгаа хоршихоороо жинхэнэ утгаар нь эморуулна гээч. Үе үе үздэг хүмүүс мэдэж л байгаа.
Юу нь хамгийн гоё вэ: Та нарт хааяа нэг “чанартай” эмормоор санагдах үе гардаг л биз дээ? Сүүлийн үеийн сериалуудыг үзэхээр хацар халуу оргитол, нулимс цийлэгнэтэл, өмнөөс нь баярлаж, ичиж, уйлмаар санагдтал догдлуулдаг кино ер нь их цөөхөн юм аа. Харин тухтай сууж байгаад “Гурван марал од”-оо үзчихэд сэтгэл “цадчихдаг” юм.
Сонирхуулахад, киноны зохиолыг 1976 онд АНУ-руу цагаачилж улмаар покер, блэкжек зэрэг мөрийтэй тоглоомуудад мэргэшин алдаршсан покерын тоглогч Ча Мин Сугийн амьдралаас сэдэвлэсэн юм билээ.

Sweet 18 (2004)
Папёнгийн Юн, Андоны Квон овгийнхон бол ёс уламжлалаа ягштал баримталдаг гэр бүлүүд. Тиймдээ ч Жунсог охиныг төрөхөд Юн овгийн Хёкжүнтэй сүй тавьжээ. Жунсог 18 нас хүрч, албан ёсоор Хёкжүнтэй гэрлэхээр болсноор "Дуулиант 18 нас" цувралын үйл явдал өрнөдөг. Жүжигчин Хан Жи Хэгийн бүтээсэн эгдүүтэй, дэггүй, цайлган Жунсогийн дүр цувралыг бүхэлд нь хөгжилтэй, гэгээлэг уур амьсгалтай, үзэгчид дахин давтан үзсэн ч уйдахааргүй сонирхолтой болгосон. Өөрөөсөө олон насаар ах прокурор залуугийн сэтгэлийг ахлах сургуулийн дэггүй охин хэрхэн татаж, уярааж байгааг үзэх гоё шүү.
Юу нь хамгийн гоё вэ: Инээсээр байгаад үзэж дуусах романтик-комеди гэвэл үүнийг л хэлэх байх. Төгс гэмээр царай зүс, бие галбиртай өнөөгийн жүжигчидтэй харьцуулахад тэртээх 2000-аад онд солонгос жүжигчид үнэхээр “натурал” байсныг харж болно. Цаанаа нэг дотно...

Full house (2004)
Үзэгчдийн сэтгэлд үлдсэн өөр нэг драма бол Рэйн, Сун Хэ-гю нарын хамтран тоглосон Full house билээ. Гэрээний гэрлэлтийн улмаас аргагүйн эрхэнд нэг гэрт орж улмаар бие биедээ татагдан дурлаж буй зохиолч бүсгүй Хан Жи Ён, алдартай жүжигчин И Ён Жэг бид хэдийн мэддэг болсон. Цувралыг 1990-ээд оны эхээр гарсан зохиолч Вон Сү Ёны ижил нэртэй комикоос сэдэвлэн бүтээсэн ч номноосоо илүү алдаршиж, олонд танигджээ. Сонирхуулахад, Солонгосын Full house киноны хувилбарыг Филиппин, Вьетнам, Тайланд, Камбож, Турк, Хятад, Пакистан, Малайз улсуудад хийж байжээ.
Юу нь хамгийн гоё вэ: Эсрэг дүр, өшөө авалт, хурц эргэлтүүд биш хөнгөн хошигнол, романтик үйл явдлуудаар дүүрэн учраас толгойгоо амрааж, хөнгөн зүйл үзмээр санагдсан үед яг тохирно. Full house 22 дуутай бөгөөд бараг бүгд хит болсон гэхэд хилсдэхгүй. За тэгээд гурван баавгайн бүжиг, “Ажа, ажа амжилт” гэдэг үгээ эргэн дурсмаар байвал Full house цувралыг дахин нэг үзээрэй.

How I met your mother (2005)
Бүх цагийн хамгийн дуртай ситкомоороо "HIMYM"-ийг нэрлэх хүмүүс олон байгаа болов уу. Цувралд жинхэнэ хайраа хайж буй 27 настай ганц бие залуу Tед ба түүний найзууд болох Робин, Барни, Лили, Маршалл нарын хөгжилтэй явдлыг өгүүлдэг. Үзэгчид болон кино шүүмжлэгчид хамгийн бүтээлч, ухаалаг хошигнолуудтай, Diverse байдлыг тун сайн тусгасан ситком гэж үнэлдэг билээ.
Юу нь хамгийн гоё вэ: Есийн есөн бүлэг, 208 анги цацагдахад юу эс тохиох билээ? Женнифер Лав Хьюитт Робины дүрд тоглох шахсан, Бритни Спирс цувралын рейтингийг унахаас аварсан, кино зураг авалтын үеэр жинхэнээсээ гэрлэх санал тавьсан, цувралд дурдагддаг вэб сайтууд бодит амьдрал дээр байдаг, цувралын үеэр дурдагдсан статистикууд бүгд 83 гэх тоог агуулсан байдаг гэхчлэн сонирхолтой баримтууд бий. Орой унтахаасаа өмнө заавал ямар нэгэн юм үзмээр санагддаг тэ? Бүтэн кино үзэх гэхээр арай уртдаад байдаг. Тэгвэл How I met your mother ситкомын нэг анги 20 минут учраас унтахаасаа өмнө үзэхэд яг тохиромжтой. Товчхондоо, завгүй, стресстэй өдрийн эцэст алжаалаа тайлахад зориулагдсан эд.