“17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна. Киноны гол дүрийг жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар бүтээжээ. “17” продакшн эл бүтээлийн зураг авалт, тайз, гэрэлтүүлгийн ажлыг дэлхийн стандартад нийцүүлэхийг зорьсноо онцолсон юм. "Хохирогч" киноны гол дүрийн жүжигчидтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Б.Амарсайхан: Киноны сүүлийн ангид л миний дүрийн мөн чанарыг мэднэ
-“Хохирогч” киног үзэх шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Эцсийн анги хүртэл ээдрээ тайлагдахгүй, нэг анги үзээд илүү шимтэн, дахин үзмээр санагдана гэдгийг үзэгч та бүхэнд баттай хэлье. Ангиас ангид өөрийгөө юуны хохирогч гэдгийг үзэгч дүгнэж бодох бөгөөд, нийгэмд өрнөж буй асуудал асуултуудын хариу юу болохыг ухааруулж чадах уран бүтээл. Манай уран бүтээлийн зураг, зохиол, жүжигчид хоорондын харилцан яриа зэрэг нь амьдралд маш ойрхон.
-"Хохирогч” киноны дүр бусад бүтээж байсан дүрүүдээс тань ялгагдах онцлог юу вэ?
-Аливаа тайз дэлгэцийн уран бүтээлд жүжиглэхгүйгээр, дүрийнхээ орон зайд “амьдрах”-ыг хичээдэг. Энэ киноныхоо амьдралд ч тэр үнэнтэй ойр амьдрахыг зорьсон. Өмнө нь миний тоглосон адал явдалт киноны дүрүүдийн зорилго тодорхой байдаг бол энэхүү бүтээл дээрх дүр их нууцлаг. Киноны сүүлийн анги дээр л дүрийн маань зорилго, мөн чанарыг мэдэх боломжтой.
-Өөрөө зохиолоо бичин ажиллахад хүндрэл хэр байсан бэ?
-Зохиолоо өөрөө бичсэн болохоор илүү давуу талтай байсан. Дүрээ илүү сайн мэдэрч, бусад жүжигчдэдээ ч тайлбарлахад амар байсан учир асар их цаг хугацаа хожсон. Манай продакшн ердөө 22 хүнтэй. Зураг авалтаа хоёр сарын хугацаанд хийсэн, зохиол дээрээ зургаан сар ажилласан. Мундаг чадвартай багийн ачаар хүндрэл бага гарсан шүү. Энэ бүхнээс харахад хамгийн чухал зүйл бол баг бүрдүүлэлт юм.
-Шинээр байгуулагдсан Соёлын яам Монголын кино урлагт хэр нөлөө үзүүлж байна?
-Соёлын яамтай болсноороо Киноны хууль баталж чадсан. Энэ нь гадаадын уран бүтээлчдийг урьж ажиллуулах, гадны кино фестивальд нээлттэй оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Тэр дундаа артхаус, хүүхдийн, түүхэн төрлийн киног хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч байгаа. Бусад оронд соёлоо хамгийн хурдан хүргэх зүйл нь кино болоод дуу хөгжим байдаг. Соёлын тусгаар тогтнолоо хадгалах тунхаглах асар том боломж гарч байна хэмээн үзэж байгаа.

Н.Цэнд-Аюуш: Энэ кинонд дүр бүтээхэд "амттай" байсан
-Та энэ киноны дүрээрээ нийгэмд юуг хүргэхийг зорьсон бэ?
-“Хохирогч” кинонд Хандаа хэмээх эмэгтэйн дүрийг бүтээсэн. Эмэгтэй хүн болгон л сайн сайхан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч янз бүрийн нөлөөллөөс болоод нөхөрлөл, хайр дурлал амьдралын өмнө эргэлт гарч байдаг. Энэхүү эргэлт өөрчлөлтийн талаар, мөн үүнийг хэрхэн даван туулах талаар үзэгчдэдээ харуулахыг зорин ажилласан. Энэхүү уран бүтээл нь цэвэр сэтгэлзүйн драм учраас эл дүрийг бүтээхэд жүжигчний хувьд маш “амттай” байсан. Урьд өмнө нь ажиллаж байсан кинонуудаас ялгаатай учир илүү өөр харагдахыг зорьсон.

Э.Чинзориг: Гол дүрийн жүжигчид анх удаа хамтарч, гайхалтай хослолыг бүтээлээ
-Энэхүү бүтээлийн бусдаас ялгарах онцлог юу бол?
-Аливаа уран бүтээл нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шүүмжилж байх ёстой гэж хувь хүний хувьд боддог. Кино зохиолын хувьд амьдралд илүү ойрхоноор асуудлыг хөндөн задлахыг хичээсэн. Бидний шүүмжилж, дэвшүүлж буй өнцгийн зөв бурууг үзэгч та бүхэн дэнслээрэй. Мөн “Хохирогч” киноны гол дүрийн дөрвөн жүжигчин хамтарч ажилласан анхны бүтээл бөгөөд бидний гайхалтай хослолыг сонирхоорой хэмээн та бүхнээсээ хүсэж байна. Үзэгчид маань уг бүтээлээс маш их сэтгэлийн таашаал авна гэдэгт итгэлтэй байна. Кино багийнхан болон уран бүтээлчдэдээ чин сэтгэлийн талархал болон халуун баяр хүргэе.
Ярилцсан: Э.Талстболор