Улс орон бүрийн залуусын үерхэл, болзооны бичигдээгүй зарчмууд өөр байх нь бий. Бид өмнө нь америк, солонгос, япон охидын крашаа өөртөө татах зөвлөгөөг хүргэж байсан бол энэ удаа франц охидын зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Өөртөө итгэлтэй, бие даасан, дур булаам франц охидын дараах аргууд юугаараа өөр гээч?
1. Өөртөө маш их, бүр "үнэхээээээр" их итгэлтэй бай.

Франц охид эмэгтэйчүүд татгалзсан хариу авахаас айдаггүй. Тиймээс ч үнэхээр өөрт нь таалагдаж байгаа л бол нөгөө хүнээ болзоонд урьж, эхний алхмыг хийхэд бэлэн байдаг. Гэхдээ болзоонд урьж байна гээд өөрийнхөө дургүй тоглолтыг үзэж, идэхийг хүсээгүй түргэн хоолоо амтархан идэж буй мэт жүжиглэх хэрэггүй. Өөрийнхөө хийхийг хүссэн нэг зүйлийг олоод, түүнд санал тавихад л болно. Тэр зөвшөөрвөл сайн л биз, үгүй бол ганцаараа яваад хөгжилдөж чаддаг нэгэн бай.
2. Гадаад үзэмжээ хэтэрхий их анхаарах хэрэггүй.
Хүнд будалт, биеийн ихэнх хэсгийг ил гаргасан бариу хувцаслалтаас татгалз. Дөнгөж босохдоо ч ийм үзэсгэлэнтэй харагддаг мэт "байгалиараа" байгаарай. Хөнгөхөн будалт хийгээд уруулаа улаанаар будахад л болно. Өөртөө эвтэйхэн, цэвэрхэн хувцаслах нь хичээсэн мэт харагдуулахгүй. Ер нь л битгий хичээ.
3. Нүүр дүүрэн инээмсэглэ.
Түүнтэй харц тулгарах, зөрөн өнгөрөхдөө сэтгэлийг нь сэргэтэл сайхан инээмсэглэж байгаарай. Үүний тулд шүдээ арчилж, сайхан шүдтэй байх хэрэгтэй шүү. Нэг л инээмсэглэл мянган нялуун үгсээс илүү түүний сэтгэлд хоногших болно.
4. "La belle" бай.
Францууд үзэсгэлэнтэй эмэгтэйг "la belle" гэдэг. Энэ нь зөвхөн царайлаг эмэгтэйг хэлдэггүй. Дур булаам, сэтгэл татам, хайрлагдсан эмэгтэй юм. Хүн бүхэнд эелдэг найрсаг ханддаг, хаалга татан өгөхөд нь талархсанаа илэрхийлдэг, дотроос нь гэрэл цацарч байна уу гэмээр сэтгэл татам нэгэн байхад тэр чамд өөрийн эрхгүй татагдах болно.

5. Гоё үнэртэй байгаарай.
Хүн болгоны түрхдэг усыг хэзээ ч бүү түрх. Зөвхөн чамайг л илтгэх, төдийлөн байдаггүй нэг үнэртнийг олж ав. Тэгээд битгий соль. Үнэр сэтгэлд хоногшдог тул түүний сэтгэлд өөрийгөө мөнхөл. Хэтэрхий хурц, тод, нялуун биш зөөлөн бөгөөд дур булаам үнэртэн сонгохоо мартуузай.
6. Түүнийг магтаад үсийг нь ил.
Үсийг нь илэх хэтэрхий "аймар" санагдаж байвал ядаж биед нь, гар мөрөнд нь хүрэхэд л болно. Түүний тухай урьд өмнө нь хэний ч хэлж байгаагүй магтаалыг хэлчихвэл тэр чамайг насан туршдаа мартахгүй гэж мэд.
7. Түүний дэргэд буйгаа мэдрүүлэх.
Уулзалт бүрээ "болзоо" гэж нэрлэх албагүйг санаарай. Зүгээр л гоё зүйл таашаахыг хүссэндээ түүнийг хань тат. Өөрийн дуртай амттанаа түүнд бэлэглэ. Шалгалттай үеэр нь жижигхэн хар шоколад бэлэглэ. Завгүй байхад нь халуун уух зүйл дөхүүл. Тэр ч бас чамд "талтай" бол энэ мэт "хөөрхөн" дохиог ашиглах л болно.
8. Түүний сонирхдог зүйлсийг туршиж үз.
"Чамайг дуртай гэсэн болохоор үзэж эхлээд байгаа" гээд түүний дуртай цувралын тухай яриа өрнүүл. Уух дуртай кофег нь ууж үзээд сэтгэгдлээ хэл. Ер нь л түүнийг сонирхож буйгаа "далдуур" ойлгуул.
9. Зарим зүйлсийг нууц хэвээр үлдээ.
Турах дэглэм барьдаг, түргэн хоол огт иддэггүй, нүүрэн дээр нь юм гарчихна гээд амттанаас татгалздаг, өмнө нь хэдэн залуустай үерхсэн гэх мэт хэтэрхий хувийн зүйлсээ түүнд дэлгэх хэрэггүй. Түүнд өөрийгөө сонирхох багахан боломж өгөөд өөрийнхөө амьдралаар амьдар. Түүнгүйгээр ч сонирхолтой амьдар. Нэг л мэдэхэд тэр өөрөө чиний сонирхолтой амьдралын нэг хэсэг байхыг хүсэх болно.
10. Хэзээд "бэлэн" байх хэрэггүй.
Тийм ээ, тэр чиний краш. Гэлээ гээд түүний хүссэн цагт, хүссэн газарт нь гүйж очоод байх хэрэггүй. Хэрвээ уулзах, цаг товлох хэрэг гарвал өөрийнхөө цаг заванд тохируулаарай. Чамд ч гэсэн гар дээр байгаа хямдхан чихрээс илүү дэлгүүрийн шилэн хоргоны цаадах үнэтэй чихэр амттай санагддаг биз дээ?
11. Түүнийг эксийнхээ тухай ярихад цагаа хар. Үл хүндэтгэл үзүүлбэл "алга болох" зоригтой бай.
Франц эмэгтэйчүүдэд цаг хугацаа маш үнэ цэнтэй байдаг. Чамд түүний эксүүдийн тухай тэвчээртэй сонсож, хэнтэй яагаад бүтээгүй талаараа гомдоллохыг нь ойлгож суух цаг байхгүй. Тэр чиний краш ч гэсэн, чамд өөрийн гэсэн амьдрал байгааг санаарай. Чиний өөртөө итгэх итгэл, өөрийгөө гэх хүндэтгэл түүний сонирхлыг улам ч их татах болно.

