Токиогийн санхүү, худалдааны төвүүдийн гол хэсэг болох Нихонбаши дүүргийн завгүй гудамж, өндөр барилгуудын дунд нэгэн нам гүм, жижигхэн орон зай бий. Энд 1000 гаруй жилийн түүхтэй Фүкүтокү сүм байрладаг бөгөөд өнөө үед Японы поп соёлын онцгой нэгэн зан үйлтэй холбогдон алдартай болоод байна.
Энэ сүмд хүмүүс эрүүл мэнд, эд баялаг хүсэхээс илүү нэгэн тодорхой зүйлийг төлөө залбирдаг болсон нь концертын тасалбар аж.
Нихонбаши дүүрэгт ажил хэрэгч хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй, худалдааны төвүүд дүүрэн, өндөр барилгууд тэнгэр халхалдаг. Гэвч сүмийн хаалгаар ормогц орчин огцом өөрчлөгдөж, хотын чимээ алсран, тайван уур амьсгал бүрддэг.

Анх харахад жирийн Шинто шашны сүм мэт боловч түүх, соёлын хувьд онцгой байр суурьтай. Фүкүтокү нь 9-р зуунд байгуулагдсан бөгөөд ургац, элбэг дэлбэг байдлын бурхан Инарид зориулан бүтээгдсэн сүм юм.
1590 онд алдарт жанжин Токүгава Иэясү энэ сүмд зочилж, ивээлдээ авч, зарим онцгой эрхийг олгосон нь түүхэн эргэлт болсон гэдэг. Үүний нэг нь сугалаа зохион байгуулах зөвшөөрөл байв. Энэ үеэс эхлэн сүм зөвхөн шашны төв бус, аз турших, сугалаа татах, ирээдүйд “аз дуудах” газар болж хөгжжээ.

Хэдэн зууны турш Фүкүтокү сүм хүмүүсийн аз хүсдэг газар хэвээр байсаар ирсэн. Харин 1990-ээд оноос Японд поп хөгжмийн соёл хүчтэй дэлгэрснээр шинэ утга нэмэгдсэн байна. Одоо зөвхөн сугалаа, аз төдийгүй J-Pop, idol соёлын фенүүдийн мөргөлийн цэг болж хувирчээ.
Судлаачдын тайлбарласнаар Японд “oshi” гэх ойлголт бий. Энэ нь хүний хамгийн их дэмждэг, хайрладаг уран бүтээлч эсвэл хамтлагийг илэрхийлдэг.


Фенүүд дуртай одоо дэмжихийн тулд дурсгалын зүйлс цуглуулах, концерт бүрд нь очихыг зорьдог ч хамгийн том бэрхшээл нь тасалбарын систем байдаг. Японы томоохон тоглолтууд ихэвчлэн олон шатлалт сугалааны системээр тасалбар олгодог. Фенүүд эхлээд бүртгүүлж, дараа нь азаар сонгогдсон тохиолдолд л тасалбар худалдаж авах эрх авна. Энэ нь шударга систем мэт боловч эрэлт маш өндөр тул олон хүн хүссэн тоглолтдоо орж чаддаггүй. Тиймээс энэхүү сүм одоо ихээхэн алдартай болоод буй.
Эх сурвалж | BBC
